Д.Чойжамц: Зая гэгээнтний хойд дүр Монгол орноо үтэр түргэн залрах болтугай

Хуучирсан мэдээ: 2019.02.10-нд нийтлэгдсэн

Д.Чойжамц: Зая гэгээнтний хойд дүр Монгол орноо үтэр түргэн залрах болтугай

Д.Чойжамц: Зая гэгээнтний хойд дүр Монгол орноо үтэр түргэн залрах болтугай

Адистидын дээдийг хайрлагч язгуур үндэсний лам

Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядам,

Ад зэтгэр бүгдийг арилгагч дагинас номын сахиусанд

Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмүй.

Умар зүгийн Монгол орны аврал итгэл, Монголын Бурханы шашны оройн чимэг Зая Бандид хутагт Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтэн бээр шавь олныг дээдийн номын рашаанаар цэнгүүлэн зохиож байгаад XVII жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын бүтүүний өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ертөнцийн мөнх бусын ёсыг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураалаа. Зая Бандид хутагт Лувсанданзанпүлжинжигмэд бээр урьд дүрүүдийн Зая гэгээдийн адилаар Монгол орны шашин номын үйлсийг тэтгэж, шавь олноо таалал нигүүлсэлдээ болгоон, цөвүүн цагийн аврал итгэл болон оршиж байлаа. Тодорсон даруй Монгол орноо залран саатахуйд нийт сүсэгтэн болоод төрөлх нутгийн шавь, нийтийн сүсгийн хумх дэлгэрэн мишээж, шавь нийтийн итгэл сүсгийн орон болж байсан. 1999 оны туулай жилд Сэра, Брайвун тэргүүтэй хийд орноор саатан морилж байхад Энэтхэг Төвөдийн гэгээн хутагтууд, эгэлгүй номын мэргэдүүд Монголын Зая бандид хутагт;залран ирлээ хэмээн сүсэглэн залбирч урьд дүрүүдийн ач гавъяаг нэхэн санагалзаж байсан нь Зая бандид хутагт нар Монгол төдийгүй нийт Бурханы шашинт орнуудад Номын далай хутагт хэмээн алдаршиж байсныг илтгэн харуулж байлаа. Гэлүгвагийн номын ёстон бүхний дамжлагын дээд багш нарын тоонд анхдугаар дүрийн Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй гэгээнтэн бээр албан ёсоор ордог. Учир юун хэмээвээс Богд Зонховын гэгээний үндэслэн гаргасан Гэлүгвагийн шашинд тасрах шахсан Ганжуур эрдэнийн лүнг /аман иш/ бүрэн гүйцэд хүртээд, Монгол Төвөдийн номын мэргэдэд дамжуулан хүртээсэн нь өнөөг хүртэл тасралтгүй оршиж байгаа юм. Зая гэгээнтний алдраар алдаршсан "Заяын сан" хэмээх 4 боть ховор бүтээлийг дуулаагүй, үзээгүй номын мэргэд гэж үгүй юм. Хоёрдугаар дүрийн Зая гэгээнтэн бээр VII Далай лам Галсанжамц гэгээнтний хайрласан Нандэн Лхам, Сэра хийдийн нандин шүтээн Дамдин янсан, Дүвчэн Дарчарвын Пүрэв, Логшир тэргүүтнийг хүрээндээ залж ирсэн нь Заяын хүрээний шүтээний эрхэм болон оршиж байсан. V дүрийн гэгээнтэн бээр илт мэдэл хэтийдсэн эрдэмтэй сайхан гэгээн байсан. Энэ дүрийн гэгээнтэн маань номын үйлс шавь олноо гэх онцгой сэтгэл нь дээд төрөлхтөн бодисадвагийн явдал үйлийг биечлэн үзүүлж байсан санагддаг юм. Хөдөө орон нутгуудаар ихэнхдээ морилж зарлиг сургаалиа айлдаж, элдэв гамшиг аюул гарахвий хэмээн онцгой нигүүлсэн болгоож тахилга тайлга, даатган залбирлыг онцгойлон үйлдэж байлаа. Бодисадва нарын амьтнаа туслах арга бүхэн нь онц гайхамшигтай байдаг. Монголын Бурханы шашны номын зул болсон гэгээн хутагт минь таалал төгссөнд гүнээ гашуудан гүн эмгэнэл илэрхийлье. Зая гэгээнтний минь гэгээн хойд дүр шавь олныхоо эгээрэл хүслийг тольдон болгоож, шашин амьтны тусад Монгол орноо үтэр түргэн залрах болтугай.

XVII Жарны тийн урвуулагч хэмээх гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2 буюу 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр

 ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ, ГАВЖ Д.ЧОЙЖАМЦ

“ГОНЗОГ” ЕРӨӨЛ БУЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

  • 2019.02.06, ШИНИЙН 2-НЫ ӨДӨР

Зая гэгээний таалал барьсантай холбогдуулан  МБШТ Гандантэгчэнлин хийд тэргүүлэн  ажлын хэсэг байгуулагдав.

  • 2019.02.09,  ШИНИЙН 5-НД 11:00-13:00 ЦАГ

“ГОНЗОГ” ерөөлийн хурал / Гандантэгчэнлин хийд, Идгаачойнзинлин дацан /

  • 2019.02.13, ШИНИЙН 8-НД 09:00-12:00 ЦАГТ

– Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх

– Ерөөлийн хурал

-Маани хөгжөөл / Гандантэгчэнлин хийд, Идгаачойнзинлин дацан  /

  • 2019.02.13, ШИНИЙН 8-НД 12:00-23:00 ЦАГТ

Зая гэгээний лагшин шүтээнийг архангай аймаг, Заяын хүрээнд залах

  • 2019.02.14, ШИНИЙН 9-НД 09:00-07:00 ЦАГТ

– Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх

– Ерөөлийн хурал

– Жамбалцанжод хурж хонох / Архангай аймгийн төв музей, Заяын хүрээ /

  • 2019.02.15-НД 07:00-11:00

-Зая гэгээний лагшин шүтээнийг хайлах, жинсрэг өргөх

-Залбирал ерөөл / Архангай аймгийн Заяын хүрээ /

Зохион байгуулагч: МБШТ, Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшог дацан
Харилцах утас: 88081261, 88048481

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж