НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 оноос эхлэн “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тэмдэглэдэг болжээ. Энэ өдрийг тохиолдуулан Шадар сайд У.Хүрэлсүх “Та, бид бүгдээрээ хэрэглэгч бөгөөд эрүүл, аюулгүй, шаардлага хангах бараа бүтээгдэхүүн хэрэглэх, сонгох эрхтэй билээ. 2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья” уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Эрүүл бус, буруу хооллолтоос үүдэн дэлхий даяар жилдээ 11 сая гаруй хүн нас барж байгаа гэсэн судалгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан бөгөөд эрүүл бус хооллолтоос үүдэлтэй зүй бус өвчлөл нь дэлхийн сая сая гэр бүлийн амьдрал болон эрүүл мэндийн салбарт ихээхэн хор хохирол учруулж байна. Мөн зүй бус хооллолтоос үүдэлтэй эдийн засгийн хохирол ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар буюу дэлхийн ДНБ-ий 2,8 хувьд хүрсэн нь тамхидалт, зэвсэгт мөргөлдөөн, дайн, терроризмын аюулын хохиролтой эн зэрэгцэхүйц хэмжээнд байгаа нь дэлхий нийтийг энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсон гэдгийг сануулж байна. Иймд Монгол Улсын Засгийн газар болон холбогдох чиг үүргийн агентлаг, бүх шатны байгууллагууд хэрэглэгчдийг зүй зохистой, эрүүл хооллолт, амьдралын зөв хэвшилтэй болгох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриалж байна” гэжээ.
С.СҮРЭН