Бид GQ сэтгүүлийн 3 удаагийн ялагчаар тодорсон

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Бид GQ сэтгүүлийн 3 удаагийн ялагчаар тодорсон

АНУ-ын “George Mason”-ийн их сургуульд “Маркетинг болон нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр сурч байгаа А.Чимэдрэгзэн, Э.Золжаргал нарыг “Өөр мэдээ” танилцуулж байна. Одоо 22, 20 настай залуус хэдэн жилийн өмнө АНУ-д очиж дунд болон ахлах ангиа “Yorktown” мөн “Fairfax”-ийн сургуулиудад суралцаж дүүргэжээ. Харин залуус их сургуулиа 2016-2018 онд төгсөх бөгөөд сурахын зэрэгцээ ажил хийдэг юм байна.

Өөрсдийн сонирхлоор цахим ертөнцөд загварын чиглэлээр блог хөтөлж эхэлсэн тэд одоо Америкт төдийгүй олон орны залууст танил болоод амжиж. Тэндхийн загварын компаниуд болон загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж www.NxStyle.me блогоороо алдартай хувцасны брэндүүдийг сурталчлах болжээ. Дэлхийд авьяас чадвар оюун ухааны цар хүрээгээ гайхуулан яваа монголчуудын нэгэн төлөөлөл болсон А.Чимэдрэгзэн, Э.Золжаргал нартай цахимаар холбогдон ярилцсанаа хүргэе.

-Та хоёр хэзээнээс блог хөтөлж эхэлсэн бэ. Яагаад загварын блог хөтлөх болов?

-Анх сонирхлоороо “tumblr” блог нээж хөтлөөд тэндээ өөрсдийнхөө ганц хоёр зургийг оруулдаг байсан. Блог маань олонд танигдахын хэрээр уншигчдаас тусдаа загварын блог болгох санал их ирэх болсон. Тиймээс 2014 онд www.NxStyle.me домайн дээр загварын блогоо нээсэн. Бид хоёр хувцас загварыг сонирхдог болохоор хүмүүс юу сонирхдог, юу хиймээр байгаагаа харуулахыг зорьсон. Ерөнхийдөө хоббигоо блог болгосон гэх үү дээ.

-Загварын ертөнц гэдэг тайзан дээрх үзүүлбэрээр төсөөлөгддөг. Харин блогоор дамжуулан загвар сурталчилна гэдэг сонирхолтой санагдаж байна?

-Ер нь загварын ертөнц гэхээр л сайхан моделууд хувцас өмсөж тайзан дээр алхдаг. Харин блог бол тухайн моделын өмсөж байгаа хувцсыг бодит амьдралтай нийлүүлж харуулдаг юм.

Тайзан дээр байгаа хувцсыг чөлөөт загвараар, өдөр тутам, энгийн газар яаж харагдуулах талаас нь үзүүлдэг. Тухайлбал, “American Eagle Outfitters” бидэн рүү шинэ содон хувцсаа явуулж хэрэглэгчидтэйгээ илүү ойртдог гэж хэлж болох юм. Ер нь брэндүүд өөрсдийнхөө хувцсыг тодорхой нэг стилийн дагуу зураг авалт хийлгүүлэн блог дээр тавиулж хүмүүст хүргэхийг зорьдог.

-Загварын блог ямар онцлогтой байдаг юм бол. Уншигчид нь юу хүсдэг вэ?

-Загварын блогийг онлайн сэтгүүлтэй зүйрлэж болно. Давуу тал нь тухайн өмссөн хувцсыг вэбсайт дээрээс үзэж байгаа хүн таалагдвал линк рүү нь дарж худалдаж авах боломжтой. Блогийн өөр нэгэн онцлог гэвэл зав зай муутай эсвэл хувцсаа яаж өмсөх талаар санаа авах дуртай хүмүүст хялбарчилж өгдөг гэж хэлж болох юм. Зөвхөн уншигчид гэлтгүй хамтран ажилладаг брэндүүд маань ч бас хувцас болон бүтээгдэхүүнээ борлуулахад хялбар болохоор аль аль талдаа давуу юм. Ер нь загварын блог их эрэлттэй.

Манай блогийн дийлэнх хандалт нь Америкаас орж ирдэг. Мөн Канад, Англи, Франц, Солонгос, Австрали зэрэг улсуудаас ч хэрэглэгчид орж уншдаг. Уншигчид маань 20-30 насныхан байдаг. Зарим нь биднээс өөрсдийн загварын блогоо хэрхэн эхлүүлэх тухай зөвлөгөө хүртэл авч байсан шүү.

-Энэ хугацаанд нэлээд хэдэн загварын компани, хувь хүмүүстэй хамтран ажилласан гэсэн. Тэдэнтэй хэрхэн холбогдож хамтран ажилладаг вэ?

-Брэндүүд маань манай и-мэйл хаягаар ямархуу чиглэлийн сонирхолтой байгаагаа бичиж явуулдаг. Заримдаа бид хоёр өөрсдөө сонирхож байгаа брэндүүд рүүгээ и-мэйл явуулна. Ер нь харилцан бие биедээ санал тавих байдлаар ажилладаг. Зарим газрууд блог дээр маань бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг тавиулж уншигчдад хүргэхийг хүсдэг.

-Загваруудаа та хоёр өөрсдөө өмсдөг юм билээ. Хэзээнээс загвар өмсч эхлэв?

-Цэвэр өөрсдийнхөө сонирхлоор зураг авч, тэрийгээ харж байгаад л дажгүй гэснийгээ сонгож блогтоо оруулдаг даа. Бас загвар өмсч зураг авахуулна гэдэг амар байгаагүй шүү. Их хөдөлмөр шаарддаг юм билээ. Анх их сандардаг байсан бол аажмаар сайжирч байна.

Би Вашингтон ДиСи хотын “DC Fashion Week cycle 19”-д моделоор оролцож, зураг авалтад хэдэн удаа явсан. Мөн Вашингтон ДиСи хотын “TASHI” загварын агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг. Манай загварын агентлагаас зохион байгуулдаг “Fashion show”-нд оролцдог.Энэ чиглэлээрээ цаашдаа ажиллана гэж бодож байна.

-Блогоор дамжуулан загвараа хүмүүст хүргэхэд зураг авалт мэргэжлийн байхыг шаардах байх. Мэргэжлийн хүмүүстэй хамтран ажилладаг уу?

-Тийм шүү, ер нь зураг гоё байж л хүмүүст таалагдана. Анх бид хоёр хуучны жижиг камераар зургаа авч эхэлсэн. Яаж зураг авахаа ч сайн мэдэхгүй сандрах үе байсан. Аажимдаа камераа шинэчилж илүү сайн зураг авах талаар судалж суралцсан. Ер нь блогоо хөтлөх хугацаандаа их юм сурч байна.

-GQ сэтгүүлийн “Хамгийн загварлаг уншигчид” буланд гурван удаа шалгарсан гэсэн. Энэ тухайгаа яриач?

-GQ сэтгүүл уншигчдадаа “Best Dressed Reader” гэдэг уламжлалт уралдаан зарладаг юм. Түүнд нь олон орноос ойролцоогоор 14,000 хүн оролцсон. Өөр өөрийн стиль имижтэй хувцасласан зургуудыг явуулан өрсөлддөг юм. Үүнд бид хоёр гурван удаагийн ялагчаар тодорсон. GQ сэтгүүл дээр гарна гэдэг нэр төрийн хэрэг. GQ сэтгүүл нь олон улсад дөрөвдүгээр байранд ордог маш том сэтгүүл юм. Монголдоо GQ сэтгүүлийг оруулж ирвэл их сайхан даа.

-Өөрсдийн брэндээ гаргах хүсэлтэй гэж байсан. Та хоёр загвар зохион бүтээдэг үү?

-Би одоогоор хувцас дизайныг завтай үеэрээ сурч байгаа. Мөн зүүлт чимэглэлийн дизайн хийж сурахыг хүсдэг. Ирээдүйн бас нэгэн мөрөөдөл гэх үү дээ. Өөрийн хийж бүтээсэн зүйлсээ удахгүй блогтоо оруулан уншигчдадаа хүргэнээ.

-АНУ-д амьдардаг, бас блогийг чинь гадныхан голдуу уншдаг гэсэн. Эх орныхоо брэндүүдийг сурталчлах тал дээр ямар нэг ажил хийж байна уу?

-Тэгэлгүй яахав. Одоохондоо бид хоёр эх орныхоо брэндүүдтэй холбогдоогүй байгаа. Магадгүй танай сониноор дамжуулаад холбогдоно гэж найдаж байна. Ямар брэнд нь хамаагүй Монголынхоо брэндийг дэмжихийг хүсч байгаа. Энэ завшааныг ашиглаад бидэнтэй холбогдох хувь хүн, компани байвал бид нээлттэй шүү гэдгийг хэлье. Бидэнтэй info@nxstyle.me и-мэйл хаягаар холбогдоорой.

-АНУ-д амьдрал ямар байна даа, монголчуудтайгаа холбоотой байдаг уу?

-АНУ-д амьдрал дажгүй байна. Хичээл, сургууль, блогоо хөтлөөд л өдрүүд боломжийн өнгөрч л байна. Монголчуудтайгаа холбоотой байдаг, энд байдаг Монголчууд маань ч их мундаг шүү.

-Та хоёр цаашид юу хийх төлөвлөгөөтэй байна?

-Бид хоёр одоогийн байдлаар сурч байгаа сургуулиа төгсөөд мэргэшсэн мэргэжлээрээ ажиллана. Мэдээж загварын блогоо илүү хөгжүүлэх бодолтой байгаа.

-Чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ. Сонирхож цуглуулдаг зүйл юу бий юу?

-Манай Чимэдрэгзэн чөлөөт цагаараа зураг авч, бие бялдараа хөгжүүлэх дуртай. Мөн бугуйн цаг цуглуулдаг хоббитой. Харин би чөлөөт цагаараа зураг зурж, хувцасны загвар зохион бүтээх дуртай. Мөн амжилтад хүрсэн хүмүүсийн тухай ном унших ч сайхан. Дулаан үед бид хоёр Вашингтон ДиСи-тэй ойрхон байдаг уул руу явган аялал хийдэг. Хааяа ууланд гарахаар сайхан байдаг, яг л Монголд аялж байгаа мэт санагддаг юм.

-Хамгийн сүүлд эх орондоо хэзээ ирсэн бэ?

-Одоогийн байдлаар их завгүй байгаа болохоор очиж амжихгүй л байна. Монголоо их санадаг шүү. Эх орноороо бахархдаг. Бусад улсууд хүсээд ч олдохгүй сайхан нутагтай гэдэгтээ баярлаж, бахархаж явдаг.

Х.МОНГОЛХАТАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж