Өргөдлийн байнгын хороо 2015 оны төлөвлөгөөгөө баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Өргөдлийн байнгын хороо 2015 оны төлөвлөгөөгөө баталлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж  зургаан  асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал шинэ нөхцөл байдал, шаардлагад нийцүүлэн байнгын хорооны дүрмийг шинэчлэн боловсруулсныг хэлэлцэн баталлаа.

Дүрэмд УИХ-ын гишүүдэд ирүүлсэн өргөдлийг тус байнгын шууд хүлээн авдаг байсныг өөрчилж, өргөдөл хаяглагдсан гишүүн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өргөдлийг хүлээн авах, шаардлагатай бол Өргөдлийн байнгын хороонд судлуулахаар шилжүүлэх гэсэн шинэ заалт тусгасан бөгөөд зарим давхардсан зохицуулалтуудыг хасч, шинэчилжээ. Байнгын хорооны дүрмийг шинэчлэн боловсруулахад ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны туршлагыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тусгасан байна. Үүний дараа байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн ажиллах чиг үүргийн хуваарь, ажлын хэсэг байгуулах тухай 2014 оны 02, 10 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Түүнчлэн Бэлчээрийн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж С.Ганбаатар гишүүнээр ахлуулан М.Зоригт, Д.Хаянхярваа нарын гишүүдийг ажлын хэсгийн гишүүнээр тус тус томиллоо. Дараа нь тус байнгын хорооны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Гишүүд төлөвлөгөөний талаар саналаа хэлж, зарим саналуудыг нэмж тусгахыг байнгын хорооны даргаас хүссэн юм. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн Өргөдлийн байнгын хорооны хуралдааныг орон нутагт хуралдуулах, Д.Сарангэрэл гишүүн Хэвлэл мэдээллийн байгууллагаар орж ажил байдалтай нь танилцах зэрэг ажлуудыг ажлын төлөвлөгөөнд оруулах саналтай байгаа тухай хэлж байсан. Төлөвлөгөөнд байнгын хорооны хууль тогтоох чиг үүргийн дагуу Боловсролын тухай хууль, Усны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль зэрэг хуулиудын хэрэгжилт, боловсронгуй болгох мөн бэлчээрийн менежментийг сайжруулах, Орон нутгийн сангуудын үр ашгийг дээшлүүлэх, Орон сууцны талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг хийхээр тусгажээ. Мөн 21 аймаг, нийслэлийн дүүргүүд дэх иргэний танхимд иргэдийн өргөдөл хүлээн авах хайрцаг байрлуулахаар төлөвлөсөн байна. Гишүүдийн төлөвлөгөөнд тусгах саналыг сонссоны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж энэ онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж