Жүдогийнхон залгамж халаагаа сайн бэлджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Жүдогийнхон залгамж халаагаа сайн бэлджээ

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт олон үйл явдал өрнөсөн. Тэр дундаас энэ сарын эхэнд буюу 10, 11-ний өдрүүдэд болж өндөрлөсөн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг онцолж байгаа юм.

Монголын үе үеийн жүдочид эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд цууриатуулж явсан. Олимпийн наадмаас ганцхан медаль хүртэж байсан хүнд жилүүд спортынхны түүхэнд бий. Тэгвэл Монгол Улсын нэрийг тахалсан ганц медалийг нь жүдогийн тамирчид авч байсан юм.  

Тэр ч битгий хэл Монгол Улс анх Олимпийн наадамд оролцож эхэлсэн цагаас хойш 44 жил хүлээсэн алтан медалийг жүдогийн тамирчин авчирч байлаа.  Нэг хэсэг жүдо бөх уналтад орсон үе бий. Тив, дэлхийн чанартай тэмцээнээс хөнгөн жингийн мундаг бөхчүүд медаль зулгаадаг байс­наас өөр гавьсан амжилтгүй жи­лүүд байсан. 

Тэгвэл сүүлийн жилүүдэд жү­до бөх эрчимтэй хөгжиж, жин болгонд сайн бөх төрж байна. Тиймдээ ч Монголын жү­дочдоос дэлхийн бөхчүүд бэргэх болжээ. Хэд хэдэн дэлхийн аваргатай ч боллоо.

Тэр дундаа хамгийн гол ажил болох залгамж халаагаа бэлтгэх тал дээр Монголын жүдо бөхийн холбоо тун сайн ажиллаж байгаа гэдгийг оны эхэнд болсон улсын аварга шалгаруулах тэмцээн харууллаа. Тэр дундаа хөдөө орон нутгаас ирж барилдсан жүдочид тун сайн байсан юм.  

Шилдэг жүдочдыг залган гарч байгаа залуучууд жин болгонд түрүүлээгүй. Гэхдээ л жин болгонд олон сайн бөхчүүд өрсөлдөж, дэлхийн аваргын медальтай бөхчүүдтэй эн тэнцүү үзэж, заримыг нь ялж чадсан нь үнэхээр бахархам амжилт байсан юм.

Монголчуудын хүсэн хүлээсэн Олимпийн алтан медалийг Н.Түвшинбаяр аварга Бээжингийн олимпийн наадмаас авч чадсанаас хойш жүдо бөхөөр хичээллэх залуусан тоо эрс өссөн гэдэг. Тэр ч утгаараа дотоодын өрсөлдөөн үнэхээр ширүүн болжээ. 

Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр хөнгөн жингийнхний үзүүштэй, уран барилдаанууд болсон. Эрэгтэйчүүдийн  кг-ын жинд дэлхийн аварга Г.Болдбаатар барилдаагүй. Гэвч дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин зодоглосон болохоор түүнийг түрүүлнэ гэж олон хүн бодсон байх.

Гэвч кг-д дэлхийд дээгүүрт үзэж байгаа Д.Амартүвшин медаль ч хүртэж чадаагүй юм.  Харин Г.Хэрлэн сайн барилдаж, улсын аваргад түрүүлж, өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Ц.Цогтбаатар хэмээх залуухан бөх мөнгөн медаль хүртлээ. Г.Хэрлэн аргагүй туршлага зааж ялсан болохоос биш эн тэнцүүхэн барилдаан болсон гэхэд болно. 

Ийнхүү хөнгөн жинд нэг шилдэг залуу тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэр­лэн нарыг залгаж гарч ирлээ.  Өрсөлдөөн улам ши­­рүүсч байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай шилдгүүд болох М.Уранцэцэг, Д.От­гонцэцэг нар барилдсангүй. Гэвч шинээр гарч байгаа залуу бөхчүүд уран барилдаан үзүүлж, сайн байгаагаа харуулж чадсан.

Энэ жинд А.Гэрэлмаа түрүүлсэн бол Өвөрхангай аймгаас ирж оролцсон Б.Хорлоодой мөнгөн медаль дээр буусан юм.  Хөдөө, орон нутгаас ирээд, шилдэг тамирчдыг төвөггүй ялж улсын аваргад мөнгөн медаль авна гэдэг ямархуу энтэй бөх вэ гэдгийг нь харуулж байгаа юм. 

Эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52, 57, 63 кг-д манай шилдгүүд босоо гэдгээ харуулсан. 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 52-т М.Бундмаа түрүүлсэн. Медальт байруудад Ч.Аззаяа, А.Цолмон нар орсон.  57-д Д.Сумъяа  босоо байсан бол 63-т Ц.Цэрэннадмиид түрүүлсэн. М.Бундмааг эс тооцвол бусад нь манай шинээр гарч ирж байгаа залуу бөхчүүд.  Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир ердөө л хүрэл дээр бууж, Г.Одбаяр түрүүлсэн нь энэ жингийн залгамж халаа сайн байгааг бас харууллаа.  

Хүнд жингийнхний хувьд -78 кг-ын жинд  Ховд аймгийн бөх Ц.Батцэцэг түрүүлсэн нь шинэ залгамж халаа гарч ирж байгаа сайхан мэдээ байлаа. Харин бусад жингүүдэд өнөө цагт гарч ирж байгаа, дэлхийд өрсөлдөж буй шилдгүүд түрүүлж, үзүүрлэж, медальт байрт шалгарсан юм.

Ерөнхийдөө хүнд жингийн эрчүүд бүгдээрээ шинэ залуу бөхчүүд болохоор одоохондоо залгамж халаа байхгүй боллоо гэж халаглах эрт байна. Гагцхүү эмэгтэйчүүдийн +78 кг-д өдгөө 38 настай Д.Цэрэнханд түрүүлсэн нь энэ жингийн залгамж хаана байна гэх үгүйллийг төрүүлсэн юм. Түүнээс биш Монголын жүдо бөхийн залгамж халаа хангалттай бэлтгэгдэж, хөнгөн жингийнхний дотоодын өрсөлдөөн дээд цэгтээ тулж байна.  Сайхан л хэрэг.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж