Хойд Америкийн ҮХЛ-н мөсөн талбайд өнөө өглөө 3 тоглолт боллоо. Каролина Харрикейнз баг талбайдаа Нью-Йорк Рейнжерс багийг хүлээн авч тоглон 8-5 харьцаатай хожин улирлын 2 дахь хожлоо авав. Харин тэдний өрсөлдөгч Нью-Йорк Рейнжерс улирлын эхний 3 тоглолтондоо дараалан хожигдож байна.
Хоёр багийн тоглолт нээлттэй болсон бөгөөд тоглолтыг зочин баг Нью-Йорк Рейнжерс сайн эхлүүлсэн ч шийдвэрлэх 3-р үед 4 гоолыг хаалгандаа алдсан. Талбайн эздээс энэ оны драфтын №2 А.Свечников ҮХЛ дэх анхны гоолоо оруулж баг нь өрсөлдөгчөө 8-5 харьцаатай хожжээ.
Чикаго Блэйкхаукс багийн талбайд Канадын Торонто Мейпл Лифс баг зочлон тоглож нэмэлт цагт зочин багийн ялалтаар өндөрлөсөн байна. Нийт 13 гоол орсон бөгөөд шилдгүүд ээлж дараалан гоол оруулж байсан тус тоглолтонд Торонто Мейпл Лифс багт ирээд буй экс Нью-Йорк Айландерс багийн ахлагч Ж.Таварес шинэ багийнхаа төлөө анхны хет-трик гоолоо оруулсан бол О.Маттьюс 2 гоол, 3 гоолын дамжуулалт өгч, талбайн эздээс П.Кейн дубль хийжээ. Гэсэн хэдий ч нэмэлт цагт П.Марло, О.Маттьюс нарын дамжуулалтаар М.Рейлли багийнхаа ялалтын гоолыг оруулж 7-6 харьцаатай зочин баг Торонто Мейпл Лифс багийн ялалтаар өндөрлөсөн байна.
Лос-Анжелес хотын Стэйплс цэнтр ордонд талбайн эзэн Лос-Анжелес Кингс болон Детройт Ред Уингс багуудын тоглолт боллоо. Тус тоглолтонд талбайн эзэд 4-2 харьцаатай ялалт байгуулсан бөгөөд энэ улирлаас ҮХЛ-т эргэн ирж Лос-Анжелес Кингс багт тоглож буй И.Ковальчук эргэн ирээд эхний оноогоо авсан байна. Тоглолтын турш 2 гоолын дамжуулалт өгсөн бөгөөд энэ нь түүний ҮХЛ дэх 400 дахь оноо болсон байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ