Төсвийн орлогыг 905 тэрбумаар бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

Төсвийн орлогыг 905 тэрбумаар бууруулжээ

Сангийн дэд сайд С.Пүрэвээс  2015 оны төсвийн тодотголын хүрээнд  цөөн асуултад хариулт авлаа.

-Төсвийн орлогыг бүрдүүлэхтэй холбоотойгоор Малын хөлийн  татвар зэрэг зарим татварыг нэмэгдүүлэх талаар яригдаж байна. Ямар зарчмаар нэмэгдүүлэх   вэ?

-Татварын хэмжээг тогтоох асуудлыг  тухайн орон нутгийн ИТХ шийднэ. Өөрсдөө татварын хэмжээгээ тогтоогоод  орлогоо өөрсдөө  бүрдүүлж авах юм. Олсон  орлогоо бэлчээр хадгалах, хамгаалах,  худаг, хашаа хороо зэрэгт  захиран зарцуулна.  Ийм л  шинэчлэл хийгдэж байгаа. Гэхдээ 2015 оны төсвийн тодотгол дээр малын татвараас улсын төсөвт  орлого  төвлөрөхгүй.  Эд хөрөнгийн татвар,нийслэлийн татвар, бууны албан албан татварууд ч өмнө нь байсан. Татварын хэмжээг өсгөх эрхийг нь орон нутагт өгч байна гэсэн үг.

-Төсвийн орлого  төлөвлөснөөс олон зуун тэрбум, цаашлаад их наядаар тасардаг.  Үүнээсээ болоод жил бүр тодотгол хийдэг  байдлаас яаж гарах вэ?

-Бодит хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Жил болгон төсвийн орлого 800-аас нэг их наяд төгрөгийн тасалдал гарч байна. Үүнээс болоод олон аж ахуйн нэгжийн санхүүжилтийг өгч чадахгүй он дамждаг болсоор удаж байна.Тиймээс нүүрсний үнийг өндрөөр тооцож, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлтээр биш бодит нөхцөлдөө уялдуулж орлогоо тооцоолохоор Шийдлийн Засгийн газар ажиллаж байна. 2015 оны  орлогоо бодитойгоор буюу 905 тэрбумаар багасган төлөвлөж байна. Орлого нэмэх боломжууд бий. Гэхдээ урьдчилаад  төлөвлөвөл дахиад л өмнөх байдал рууга очно.

-Зардал  буурч байгаа юу?

-Орлого 905 тэрбумаар буурч байгаа учраас тэр хэмжээгээр  зардал бас буурч байгаа.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж