Чуулганы хуралдаанаар “Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.
Дашрамд танилцуулахад, Монгол Улсын хүн амын 97.0 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг бөгөөд даатгалын үр нөлөө, хэрэгцээ шаардлагын тухай гомдол тасардаггүй нь хуулийн төслийг боловсруулах үндэс болжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлээс төдийлөн хамгаалагддаггүй бөгөөд оношлогоо, шинжилгээ хийлгэх, хөнгөлөлттэй үнээр эм авах үйлчилгээ даатгалын тусламж, үйлчилгээний багцад оновчтой бус байдал нь даатгуулагч өөрөө төлбөр төлөхөөс аргагүйд хүргэж буй аж. Мөн Эрүүл мэндийн даатгалын байгууллага чиг үүргээ бүрэн гүйцэтгэхийн тулд бие даасан байдал нь хангагдаж сангийн удирдлага, менежментийн үндсэн чиг үүрэг шимтгэл цуглуулж, хөрөнгө төвлөрүүлэхээс гадна төвлөрүүлсэн хөрөнгөөр даатгуулагчдад чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэдний нэрийн өмнөөс үр ашигтай худалдан авах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ.
Зарим гишүүдээс хуулийн нэрэн дэх “албан журмын даатгал” гэх нэрийг хасаад “Эрүүл мэндийн даатгалын тухай” хэмээн өөрчлөх санал гарсан бөгөөд олонхийн саналаар дэмжсэн байна.
Уг төслийг өмнө нь байнгын хороогоор хэлэлцэх үеэр гишүүн С.Баярцогт, С.Одонтуяа нараас нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр даах, бусад 0-18 нас насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эцэг эх асран хамгаалагч нь хариуцан төлдөг байх тухай зарчмын зөрүүтэй санал гарсныг байнгын хороо дэмжин чуулганд оруулж ирсэн аж.
Чуулганы хуралдааны үеэр уг асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр нягтлах, тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн байна.
Мөн төсөлд эрүүл мэндийн даатгалд хамрагдах хүн амын бүлэгт цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэнийг хамааруулна хэмээн тодотгосон байсныг нь малчин гэдэгт хамаарах тул заавал ийнхүү 200 хүний асуудлыг заалт болгон тодотгох шаардлагагүй гэх санал гарсан байна.
Түүнчлэн хууль хүчин төгөлдөр болох хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө гэснийг арай давчуу байна гэж үзээд хойшлуулах санал гарч, мөн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр ярихаар боллоо.
Б.ЭНХ