Цалин нэмэв, үнэ хадав

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Цалин нэмэв, үнэ хадав

Цалин нэмэв, үнэ хадав

Саяхан л  килограмм  нь 1800-тай байсан будаа 2000 төгрөг болчихжээ. Талх, чихэр, масло, ундааны үнэ мөн л өсч. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг яагаад өсгөсөн тухайд худалдагч олигтой тайлбар хэлсэнгүй.

Өнгөрсөн долоо хоногт цалин нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх Засгийн газрын мэдээлэл ийнхүү инфляци үйлдвэрлэж эхэлж байгаа бололтой. Өөр бусад бараа бүтээгдэхүүний үнэ хичээлийн шинэ жилд дарагдаад өнгөрч байх шиг. Үнэндээ төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа болохоос тэтгэвэр тэтгэмж болон хувийн хэвшлийнхний цалинд өөрчлөлт ороогүй.

Ийнхүү 170 мянган төрийн албан хаагчдын цалингийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагуулав. Тэгээд бас цалингийн нэмэгдлээ чамлангуй байгаа юм шүү.

Эмч, эмнэлгийн ажилтан, багш нар цалингаа  нэмэгдүүлнэ хэмээн жагсаал цуглаан хийснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо гурван талт хэлэлцээр хийж  эцэстээ цалингаа 30 хувиар нэмэх тохиролцоонд хүрсэн. Иймэрхүү байдлаар үе үеийн Засгийн газрыг сүрдүүлж, шантаажлах хэлбэрээр цалингаа нэмүүлдэг, нэмснийх нь дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хууль мөн адил үйлчилж байна.

Засгийн газрын энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг ирэх  есдүгээр сарын 1-ий  өдрөөс эхлэн нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.  Ингэснээр  багш эмч сувилагчдын  болон бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэхээр шийдвэрлэсэн бол  ажлын нөхцөл байдалтай уялдуулан сувилагчдын цалинг 12-30 хувиар нэмэхээр шийдсэн юм. Харамсалтай нь, цалингаа нэмүүлсэн ч төрийн албан хаагчдын хувьд нэг халааснаасаа тэр нэмэгдлээ төлөхөөр болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нэг халаасанд мөнгө хийж, нөгөө халааснаас нь үнийн өсөлт хэлбэрээр цалингийн өсөлт нь  гараад явчихаж байгаа хэрэг.

Цалингийн өсөлт баячуудын халаасыг зузаатгаж, дундаж давхаргынхан өртөж, эмзэг бүлгийнхэн илүүтэй шатдаг. Иймээс л цалингийн өсөлтийг заавал зарлаж нэмэх шаардлага байгаа юм уу гэсэн асуулт дагалддаг юм. Өөрөөр хэлбэл, цалингийн өсөлтийг дагаад үнэ нэмэхээр үйлдвэрлэгчид ангайж байгаа үед нь "Цалинга нэмлээ" гэж чанга дуугарах нь эргээд эдийн засагт халтай. Эдийн засаг инфляцид идэгдээд эхэлбэл Засгийн газрын шүдний өвчин болно. Цалин нэмэхийн ард үнийн өсөлт давхар явж байдгийг багш, эмч нарт ч бас сануулахад буруудахгүй биз.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж