Ерөнхий сайдаа унагасан хүмүүст хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдаа унагасан хүмүүст хариуцлага тооцно

Н.Алтанхуягийн тэргүүлдэг Шинэчлэлийн Засгийн газар өнөөдөр огцорлоо. УИХ-ын 28 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудал ийнхүү шийдэгдсэнээр шинэ Засгийн газрыг хэрхэн байгуулах вэ гэдэг асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанд нийт 66 гишүүн оролцсоноос Ерөнхий сайдыг огцруулахыг 36 гишүүн дэмжсэн. Тэдний 26 нь МАН-ын гишүүд бол АН-аас Р.Амаржаргал, Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг, “Шударга ёс” эсвлээс Г.Уянга, Д.Батцогт, Л.Цог нар эсрэг кноп  дарснаар 30, 36-ийн харьцаагаар Засгийн газар огцорч байна.  АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж Ерөнхий сайдаа авч үлдэнэ гэж байсан ч эцсийн үр дүн өөр гарлаа. Тиймээс намын дүрмээрээ эсрэг санал өгснөөс Засгийн газар нь огцорсон бол намаас хөөх хүртэл хариуцлага тооцохоор заасан байдаг. Энэ хүрээнд хариуцлага тооцох уу эсвэл  шинэ Засгийн газрыг бусад намтай зөвшилцөн байгуулах уу гэдэг хүлээлт үүсгэсэн асуудал болоод байна. Түүнчлэн Ерөнхий сайдаа авч үлдэхэд чухал үүрэгтэй АН-ын долоон гишүүн чуулганы хуралдаанд ирсэнгүй. Тодруулбал С.Одонтуяа, С.Эрдэнэ, Д.Арвин, Д.Ганбат, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Ш.Түвдэндорж нарын гишүүд хүрэлцэн ирсэнгүй. Ямар шалтгаанаар ирээгүйгээс үл хамааран  намын дүрмийн хүрээнд тэдэнд ч мөн хариуцлага тооцох боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, чуулганаа тасалснаас санал дутаж Засгийн газар огцроход хүрсэн учраас хариуцлага тооцох үндэслэлтэй гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд нийт таван удаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудал тавьж байжээ. Үүний дөрвийг нь МАН-аас тавьсан байна.

-2014.04.12 Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах
-2014.12.07 Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах
-2014.04.07 Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах/УИХ-ын гишүүн О.Баасанхүү/
-2014.05.29 Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах
-2014.10.17 Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг тус тус өргөн барьжээ.

Эдгээр асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ ажлын 93 хоногийг зарцуулжээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж