Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.10.14/ хуралдаанаар Засгийн газраас 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан.

Бизнес эрхлэгч иргэн, байгууллагын үйл ажиллагааг дэмжих нэг хөшүүрэг нь шийдвэр гүйцэтгэлийн замаар тэдний бусдаас авах авлагыг түргэн хугацаанд албадан гаргуулах явдал юм. Гэтэл өнөөгийн практикт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа богино хугацаанд, үр нөлөөтэй хэрэгжих боломж хуулийн холбогдох зохицуулалтын улмаас хязгаарлагдмал байгаа аж. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын шинжтэй зарим шинэлэг зохицуулалтыг тусгасан байна.

Төлбөр авагч иргэн, бизнесийн байгууллагын хувьд зөрчигдсөн эрхээ сэргээх, алдсан хөрөнгөө түргэн хугацаанд буцаан гаргуулан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулж буй нэг шалтгаан бол төлбөр төлөгчийн зүгээс зөвхөн төлбөр төлөлтийг хойшлуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бүхий л шатанд үндэслэлгүйгээр гомдол гаргаж буй явдал болжээ. Сүүлийн 3 жилийн дунджаас харахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эсрэг нийт 275 гомдол гаргаснаас 161 нь үндэслэлгүй байсныг шүүхээс тогтоон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймээс нэгэнт шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг богино хугацаанд гүйцэтгэх боломжийг бий болгох зорилгоор ажиллагааны эсрэг гомдол гаргах тухай эрх зүйн зохицуулалтыг өөрчилж буйтай холбогдуулан ажиллагааны төрөлд “эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох” ажиллагааг нэмж оруулсан байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгч этгээд оршин суугаа /байгаа/ хаягаа өөрчилсөн тохиолдолд энэ талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдээлэх үүрэг хүлээдэггүй. Үүний улмаас төлбөр төлөгчийн хаягийг тодруулах, эрэн сурвалжлах ажиллагаанд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаагаас гадна ажиллагааг түргэн шуурхай хэрэгжүүлэх боломжийг хязгаарладаг байна. Иймээс төлбөр төлөгч хаягийн өөрчлөлтөө мэдүүлэх үүрэгтэй байхаар зохицуулжээ.

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор хөрөнгө орлогоо нуух, бусдад шилжүүлэх явдал түгээмэл байдаг бөгөөд үүнээс сэргийлэх арга замын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хангалттай зохицуулж өгөөгүй байдаг. Иймээс ажиллагаа үүсгэсэн даруйд төлбөр авагчийн хүсэлтээр эд хөрөнгийн мэдүүлэг авах боломжийг хуульчлан зохицуулсан байна.

Төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаадад зорчиж үүний улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тодорхой бус хугацаагаар зогсоох явдлыг эцэс болгох үүднээс шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлдэг харилцааг нарийвчлан зохицуулж хуулийн төсөлд тусгажээ.

Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан Банкны тухай хуульд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах тухай зохицуулалтыг, түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуульд эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, тогтоосон хугацаанд өгөөгүй, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай зохицуулалтыг тус тус нэмж тусгасан аж.

Харин Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар амжилттай худалдах боломжийг хуулийн холбогдох зохицуулалтаар бий болгохоор тусгасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнэд суурилан тогтоож буй нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байна. Тодруулж хэлбэл анхны үнийг зах зээлийн үнээр тогтоож байгаатай холбогдон дуудлага худалдаанд оролцох сонирхогчдын тоо буурсаар байгаа аж.

Ийнхүү анхны дуудлага худалдааны үнийг хэт өндөр тогтоосны улмаас дуудлага худалдаа амжилтгүй болж, хоёр дахь дуудлага худалдаагаар анхны үнийг нэхэмжлэлийн шаардлага, зардлыг хангахуйц хэмжээгээр худалдан борлогдож байгаа нь өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлэн худалдахад хүргэсээр байгаа юм байна.

Нөгөө талаас хоёр дахь дуудлага худалдаагаар хэт хямд үнээр худалдан авах боломж байгаатай холбогдуулан анхны дуудлага худалдаа үр нөлөө, ач холбогдолгүй болох хандлага бий болж байгаа ба үл хөдлөх эд хөрөнгийг дийлэнх тохиолдолд хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулж байна.

Тиймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан харилцан тохиролцсон болон шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийг тодорхой хувиар бууруулан доод үнийг тогтоохоор, дуудлага худалдааны үнэ тогтоох аргачлалыг тодорхой ойлгомжтой байхаар, үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийн доод хэмжээг тодорхой зааж хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслүүдийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж