ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ НАР ОРЧИН ҮЕИЙН
СУРГАЛТ ДАСГАЛЖУУЛАЛТЫН ШИНЭЧЛЭЛЭЭС СУРАЛЦАНА
ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн Эрдэм шинжилгээ, судалгааны алба, Үндэсний шигшээ багийн албатай хамтран Үндэсний шигшээ багийн 17 спортын төрлийн дасгалжуулагч нарын онолын мэдлэгийг дээшлүүлж, сургалт дасгалжуулалтыг төлөвлөх орчин үеийн арга зүйн шинэчлэлийг практикт нэвтрүүлэх зорилгоор “ОРЧИН ҮЕИЙН СУРГАЛТ, ДАСГАЛЖУУЛАЛТЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГААС СУРАЛЦАХУЙ” сэдэвт сургалтыг 2014 оны зургадугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт онол, дадлагын чиглэлээр явагдана. Онолын сэдэвт сургалтыг ОХУ-ын Москва хотын Биеийн Тамирын Академийн Доктор (Ph.D) Никонов Владимир Игоревич өдөр бүрийн 09.00-13.00 цагийн хооронд МУБИС-ийн “А” байрны 201 тоот танхимд удирдан явуулах бол 14.00-18.00 цагт БНСУ-ын Чуннам Их сургуулийн Спортын биомеханик судлаач, Доктор, Профессор У Жон Хуан (Ph.D) дадлагын хичээлийг Спортын бэлтгэлийн төвийн хүчний бэлтгэлийн зааланд тус тус удирдан явуулах юм.
Тус сургалт нь орчин үеийн дасгалжуулалтын онол, арга зүйд гарч байгаа шинэчлэл, өндөр зэрэгтэй тамирчдын хүчийг хөгжүүлэх биомеханикийн үндсийг дасгалжуулагч нарт практик дээр зааж, сургаж байгаагаараа онцлогтой. Онолын сургалтанд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдаас гадна идэвхитэй ажиллаж байгаа зарим Спорт холбоодын өсвөр, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч нар хамрагдаж байгаа нь тэдэнд оюуны бодитой хөрөнгө оруулалт болж байна гэж ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвөөс мэдээллээ.