Эрх баригчдын “бялуу” хуваалт үргэлжилсээр байна. Хоёрхон хоногийн өмнө УИХ-аас Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилж, “Давхар дээл”-тэй сайдыг дахин “төрүүлсэн” бол түүний удирдаж байсан УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хэнд хариуцуулбал зохистой талаарх яриа фракциудын дунд хүчээ авч эхэлжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрыг байгуулахдаа фракци бүрийн төлөөлөл оруулсан бол УИХ-ын төвшинд ч фракциудын төлөөлөл тэгш хэмийн зарчмыг барьсан юм. Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хороог МоАХ-н фракциар удирдуулсан. Эл хуваарилалт энэ удаад ч өөрчлөгдөхгүй нь бололтой, Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг зүтгүүлж байна гэх бор шувуу нисч эхэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат нь Хүний эрхийн дэд хороог даргалдаг. Түүнийг 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад, сайдын дээлээ тайлж, сул гишүүн болсон Х.Баттулгын нөмөр нөөлөг их байсан тухай намынхан нь ярьдаг. Үүнийгээ ч тэр нөхөрлөлдөө үнэнч байгаагаар харуулж ирсэн. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг цээжээрээ хамгаалж ирсэн “баруун гар” нь гэж тодорхойлж болно. Мөн тэрээр өнгөрсөн хугацаанд Н.Алтанхуягийн танхимд шүүмжлэлтэй хандаж ирсэн “дайсны цэрэг” билээ. Гэхдээ хувь заяаны шоглоомоор ч гэх юм уу, аль эсвэл “Алтан гадас” фракци хүчтэйдээ ч байна уу, МоАХ-ны гишүүдэд нэг, нэгээр нь албан тушаал амалж, хөдөлгөөнгүй суулгаж авах замаа зассаар байна. Зарим нэг мэдээллээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ганцаардуулах ажиллагааг “Алтан гадас- фракцийнхан хийж эхэлсэн тухай яриа ч гарах болсон. Батлахад амаргүй ч УИХ-ын гишүүн, МоАХ-ны фракцийн гишүүн Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилуулж чадсан хойно, үгүй гэх газаргүй. Тэгэхээр УИХ дотроо нэлээн нөлөөтэй УИХ-ын Хууль зүйн байнгын хороог Д.Ганбат гишүүн удирдвал Х.Баттулга гишүүний хувьд үндсэндээ ганцаарчилсан тоглолтыг улстөрд хийхээс аргагүй болно. Уг нь тэрээр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилохыг нь дэмжихгүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн. Тэгэхээр түүний голж хаясан УИХ-ын Хууль зүйн байнгын хороог УИХ-ын гишүүн Д.Ганбат удирдах уу гэдэг сонин үзэгдэл ирэх өдрүүдэд өрнөх болж байна.
Хэрвээ тэр УИХ-ын Хууль зүйн байнгын хороог удирдах саналыг хүлээгээд авчихбал МоАХ-ны гишүүн биш “Алтан гадас” фракцийн л хүн болж хувирах болов уу. Сайдын тамга гардаад удаагүй байгаа УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржийг намын нөхөд нь “Алтан гадас”-ын хүн боллоо гэж тодорхойлж байна.
Үнэндээ ч “Алтан гадас” фракци түүнийг сайдын суудалд суулгаж чадсан хойно яалтай билээ. Тэрээр хэчнээн ч удаа “Би Ардчиллын төлөө анхнаасаа зүтгэж ирсэн,МоАХ-ны хүн” гэж хашгираад ямар нэмэртэй юм. Албан тушаалаас болоод Ерөнхийлөгчийн байр суурийг хүртэл ойшоож, ухаалаг төрийг бий болгох зарчмаас ухарчихсан байхад хэн түүнийг үерхэлдээ үнэнч байсан гэж хэлэх юм бэ?.
Г.ДАРЬ