Хууль сахиулагчийг үнэгүй эмчлэх эсэхийг ойлгомжтой болгоё гэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч мөн л долоо хоногоор хойшлууллаа. Ийм шийдвэр гаргахад, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, хууль сахиулах алба гэж юуг хэлэх, хууль сахиулагчийг чухам ямар хүрээнд явч үзэх, хууль батлагдсантай холбогдуулан төрийн захиргааны, төрийн тусгай хэчнээн албан хаагч төрийн үйлчилгээний албан хаагч болж өөрчлөгдөх вэ гэх мэтчилэн тооцож судлах асуудал нэлээд байгаа учир ажлын хэсэг дахин хуралдаж зарим тоо судалгааг нягтлах шаардлага үүсч байна гэсэн горимын санал гаргасан нь олонхийн дэмжлэг авч хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 29-р зүйл, 31-р зүйл дээр хууль сахиулагчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн баталгааг заажээ. Хууль сахиулагч нь албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд нь хохирсон бол эмнэлгийн байгууллагаар үнэ төлбөргүй эмчилнэ гэж 31-р зүйл дээр заасан мөртлөө 29-р зүйлийн 6-д хууль сахиулагчийг эрүүл мэндийн даатгалд заавал хамруулах бөгөөд даатгалын хураамжийг жил бүр төсөвт тусгаж улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэсэн байна. Энэ хуулиараа хууль сахиулагчийг эрүүл мэндийн даатгалаар эмчлүүлэх гээд байна уу, үнэ төлбөргүй эмчлэх гээд байна уу гэдэг ойлгомжгүй заалтуудыг ойлгомжтой болгохыг сануулж дээрх хуулийн төслийг дахин нягталж харах хэрэгтэй” байна хэмээн анхааруулсан юм.
Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар/-ийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд малын хулгайтай тэмцэх, хүн худалдаалах, цахим гэмт хэрэг, хар тамхины худалдаатай тэмцэх ажилд ямар ахиц гарсныг тодруулж байлаа.
Үүнд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хар тамхины худалдаа, цахим болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд чадавхиа сайжруулах шаардлагатай байсан. Өнгөрсөн онд ажилтнуудаа мэргэшүүлэн бэлтгэх, техник, технологио сайжруулах, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд анхаарч ажилласан. 2013 онд туршлага судлах хүрээнд байцаагчдыг Хонконг, Тайвань, АНУ-д сургаж, олон улсын байгууллагын мэргэжилтнүүдийг хоёр удаа урьж сургалт явуулсан гэлээ. Мөн Холбооны мөрдөх товчоотой хамтран хар тамхи, цахим болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулсан юм байна.
Эл асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд гэрч, хохирогчийг хамгаалах зэрэг олон ажилд дэвшил гарсан нь сайн боловч сүүлийн үед нийгмийг цочроож байгаа гэмт хэргийн гаралт нэмэгдсэнийг салбарын яам анхааралдаа авахыг хүслээ. Эцэст нь байнгын хорооноос гаргах санал дүгнэлтээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.
Г.ДАРЬ