&#34Оны сүүлээр эдийн засаг сайжирна&#34

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

&#34Оны сүүлээр эдийн засаг сайжирна&#34

-Дотоод нөөц бололцоогоо ашиглан эдийн засгаа сэргээх бүрэн боломж байна гэдгийг олж харах хэрэгтэй-

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Өнгөрсөн баасан гариг /VI.06/-ийн чуулганы хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх хуулийн төслийг баталлаа. Энэ  хуулийн төслийг маш олон бизнес эрхлэгчид хүлээж байсан байх?

 

-Энэ төсөл эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хамгийн их хүлээгдэж байсан, заавал батлагдах хуулийн нэг л дээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудал зогссон байсан. Татвараа төлж чадахгүйгээс ажил нь зогсонги байдалд орсон газрууд ч байлаа. Тэгэхээр эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоол болон эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажилд тусгагдсан чухал хуулийг УИХ баталлаа гэж үзэж байгаа.

 

-Энэ хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ. Хугацааны хувьд маргаантай байсан?

 

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг 2015 оноос хэрэгжүүлэхгүй бол Төсвийн тухай хууль зөрчих гэж байна гэсэн саналыг ажлын хэсгээс гаргасан. Гэтэл бизнесийг эрчим­жүү­лэх, идэвхжлийг нь хангахын тулд энэ хуулийн хэрэгжилтийг яаравчлахаас аргагүй юм. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжихэд хууль зөрчих асуу­дал байхгүй. Биз­нес эрхлэг­чид да­хиад л хүлээл­тийн байдалтай байна. Тий­мээс хуулийг бат­лагдсан өдрөөс нь хэрэгжүүлэхийг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэн. Тэгэхээр баа­сан гаригаас буюу 2014 оны зур­гадугаар сарын 06-наас эхлэн Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчид гаднаас тоног, төхөө­рөмж оруулж ирэхдээ гааль, НӨАТ-аас чөлөөлөг­дөхөөр болж байна. Арваад хоногийн өмнө Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэгчдэд 100 тэрбум төгрөгийн төсвийг Чингис бондоос гаргаж өгөхөөр болсон байгаа. Удахгүй жижиг, дунд үйлдвэрийн хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Ингээд ирэхээр энэ салбар маань сэргэх, ажил нь урагш явах нөхцөл бий болно.

 

-Тоног, төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөд хэчнээн аж ахуй нэгж хамрагдах тооцоо байна?

 

-Тэр талаар тодорхой тоо хэлж мэдэхгүй байна. Ер нь бол үйлдвэрлэл явуулдаг бүх л аж ахуйн нэгжүүд гаднаас тоног, төхөөрөмжөө авдаг. Тэр бүгд хамрагдана.

 

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжчихлээ. Одоо төсвийн орлогын 90 хувийг бүрдүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих вэ гэсэн хүлээлт байна?

 

-Хөрөнгө оруулалт хийж байгаа томоохон аж ахуй нэгжүүдийн гаалиар оруулж ирж байгаа тоног, төхөөрөмжийг хоёр жилийн хугацаагаар татварыг нь хойш сунгах эсвэл хэсэгчлэн төлөх боломжийг олгохоор болсон. Эдийн засгийн хүдрэлтэй нөхцөлд томоохон аж ахуй нэгжүүд ажилчдаа яаж барих вэ гэсэн асуудалтай тулгардаг. Ийм үед нь гаалиар оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийн татвараа шууд төлөх бус хоёр жилийн дараа буюу өөрсдийнх нь санхүүгийн нөхцөл байдал сайжирсны дараа мөнгөө бага багаар төлөөд явах боломжийг нь олгож байгаа хууль юм. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаанд манлай аж ахуйн нэгжүүдийг төрүүлэх, дэмжих хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдад гардуулсан. 1000 орчим томоохон  аж ахуйн нэгжүүдэд зориулж дэмжлэг үзүүлэхээр бэлтгэж байна. Харин нийт бизнес эрхлэгчдэд зориулан  тусгай зөвшөөрөл, лицензүүдийн тоог цэгцлэх ажлыг явуулж байгаа. Одоо энэ бүхэн дээр нэмээд татварын шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Засгийн газраас Татварын хуулинд өөрчлөлт хийхээр оруулж ирсэн боловч УИХ-ын зарим гишүүд татварын реформ хийе гэсэн санал гаргаж байгаа. Тэгээд татварын реформтойгоо зэрэгцүүлээд эдийн засгийн өршөөлийг үзүүлэх асуудал бий. Энэ мэтийг оруулсан эдийн засгийн реформ энэ 100 хоногийн хуга­цаанд хийгдэх юм. Он дуусахад биз­несийнхэн үр шимийг нь мэдэрч, ажлын байраа хад­галж, хөрөнгө оруу­лалт, төсвийн ор­лого нэмэгдэнэ гэсэн тооцоололтой байна. Бид бонд, нүүрс ярихгүйгээр дотоод нөөц боломжоо гаргаж, эдийн засгаа хоёр хуваахгүй байх нөхцөлийг бүр­дүүл­бэл Монголын эдийн засагт хан­галттай их мөнгө орж ирэх боломжтой.

 

-Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх нь нөгөө талдаа улсын төсвийн бүрдүүлэлт буурах сөрөг нөхцөл үүсгэдэг гэдгийг шүүмжлэх хүмүүс олон бий?

 

-Тэр үнэн л дээ. Бидний төлөвлөсөн татварын шинэчлэл хийх гол зорилго нь хэт их хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгаж, татварын хувь хэмжээг бууруулж, татвар төлдөг хүмүүсийн тоог ихэсгэх юм. Татвар төлдөггүй хүмүүсийн татварын хувь хэмжээ багасаад, татварын байгууллагын татвар төлөх процесс нь хялбаршаад ирэхээр татвар төлөгчдийн тоо нэмэгдэх боломжтой болох юм. Энэ шинэчлэлийг удахгүй хийнэ.

 

-Татварын хөнгөлөлтүүдийг өмнө нь яагаад хийж болоогүй юм бэ?

 

-Өнгөрсөн жилийн долдугаар сараас валютын ханш огцом өсөх асуудал хөндөгдөж, хувийн хэвшлийнхэнд их хэмжээний хохирол үзүүлсэн. Өнгөрсөн оны сүүлчээс л 2014 он бүрхэг харагдаж байсан шүү дээ. Тэр үед УИХ-ын хэсэг гишүүд ойрын хугацаанд яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт гэж гаргасан. Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг ч оруулаад явсан. Тэгээд энэ асуудлыг Засгийн газар дээр ярилцаж, Засгийн газар оруулж ирэхээр болсон юм. 2014 онд эдийн засаг хүндэрнэ гэдгийг угтаж харсан уу гэвэл харсан. Яахав дээ, энгийнээр бол хүнд хэцүү үед ирж байж юу хийх ёстойгоо анхаарч эхэлж байгаагийн илрэл гэж цаг хугацааны хувьд тайлбарлаж болох юм. Уул уурхай дээр ч гэсэн Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогыг УИХ-аар баталсан. Энэ бодлогод төр уул уурхайн бизнест хэт их оролцохыг хязгаарласан, төрийн өмчит компани олон нийтийн байх ёстой буюу төрийн бодлогыг хувийн хэвшлээр хийлгэдэг гэрээлэгч компани байх ёстой гэсэн үзэл санааг оруулсан, уул уурхайн бизнес эрхлэгч нь байгаль орчныг хайрлах буюу ногоон уул уурхайн бизнес хийнэ гэдгийг ч тусгасан. Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогод та бизнес хий, ногоон байгалиа хамгаал гэдгийг хуульчилж өгсөн. Энэ тохиолдолд маргаан гарах боломжгүй болж байгаа. Ингээд ирэхээр уул уурхай сэргэж, уул уурхайг дагасан жижиг бизнесүүд хөгжих боломжтой. Бид гадныхны нүдэнд маш муухай ааштай гэрийн эзэгтэй шиг хандах нь бий. Хил дээрээсээ эхлээд л… Виз авах гэж есөн дамжлага давдгийг багасгах төслийг УИХ-д оруулж ирэхээр Ц.Оюунгэрэл сайд бэлтгэж байгаа. Энэ мэтээр энэ 100 хоногийн хүрээнд уул уурхайд түшиглэдэггүй бодлого руу чиглэсэн асуудалд анхаарч байна. Энэ бол хамгийн зөв зүйл.

 

-Хөрөнгө оруулалтын хуулийг өнгөрсөн намар баталсан. Гэтэл доо болтол хөрөнгө оруулагчдын хандлага нааштай биш байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах төлөвлөгөөтэй байгаа вэ?

 

-Хөрөнгө оруулагчид одоо орж ирнэ. Бид Хөрөнгө оруулалтын хуулинд тогтвортой байдлыг хангах, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах зэргийг онцгойлсон.  Монголчууд гадны хөрөнгө оруулагчдыг дарамталж, биднийг мөлжиж байна гэж хардаг сэтгэхүйгээ өөрчлөх ёстой. Хөрөнгө оруулалтын эрхийг хамгаалах институци шаардлагатай байсныг анхаарч Хөрөнгө оруулалтын газар гэж байгуулсан. Одоо харин энэ хуулийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг идэвхижүүлэх шаардлагатай байна. Жишээл­бэл, сая бид Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулагчдын чуулганыг анх удаа зохион байгууллаа. Гадаадын 68, дотоодын 100 гаруй хөрөнгө оруулагч оролцсон. Эрүүл мэндийн салбарт зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлэг барьдаг байсан бол хувийн хэвшлийнхнээр энэ ажлыг хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм. Энэ нь хуулийн үзэл санааг хэрэгжүүлж байгаа алхам.

 

-Гадныхан гол нь л Хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилтийг анхаарч, ажиглаж байх шиг байна?

 

-Гол зүйл нь тэр. Жишээлбэл, хөрөнгө оруулалт хариуцдаг байсан дарга нь шоронд хоригдлоо. Бас нэг маш том хөрөнгө оруулалт хариуцдаг байсан дарга нь хорих газарт нас барлаа. Нэлээн олон хөрөнгө оруулагчийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэчихсэн, олон компанийг татвараа төлөөгүй гэсэн шалтгаанаар шалгаж байна. Хөрөнгө оруулагчид хуулийн засаглалыг л хардаг. Энэ улсад хуулийн засаглал байна уу, хуулиар гул барьсан засаг байна уу гэдгийг эхлээд хардаг. Хууль эрх зүйн орчин нь хэр шинэчлэгдэж байна, хүний эрхийг дээдэлдэг эсэх гэх мэт том дүр зургийг хардаг. Өөрөөр хэлбэл, энэ улсад хөрөнгө оруулахад надад итгэл төрүүлэхүйц зүйл юу байна вэ гэдгийг тэд эхлээд харна.

 

-Одоо хүмүүсийн дунд  эдийн засаг хэзээ сайжрах вэ гэсэн хүлээлт байсаар байна. Та эдийн засагч хүний хувь юу гэж дүгнэж байгаа вэ?

 

-Би зөн билэгч биш л дээ. Гэхдээ миний саяны хэлснээр ажил үргэлжилбэл Монголын эдийн засаг оны эцэс гэхэд сайжирна гэж харж байгаа. Дотоод нөөц бололцоогоо ашиглаж хөдөлбөл бидэнд эдийн засгаа сэргээх бүрэн боломж байна гэдгийг олж харах хэрэгтэй.

 

Ш.ЧИМЭГ

 

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №065
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж