Ардчилсан холбоог устгах Алтанхуягийн төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Ардчилсан холбоог устгах Алтанхуягийн төлөвлөгөө

Урин дулаан ирэхээр галзуу хүний хий хөдөлдөг гэдэг шиг улс төрийн солиорол дээд цэгтээ хүрлээ. Эдийн засгаа хямраасан Засгийн газар 100 хоногийн дотор сэхээн амьдруулахаас гаргана хэмээн “эм тариаг”-аар бөмбөгдөхөө илэрхийлээд байна. Давхар дээлээ тайлна хэмээн сайдын сэнтийгээсээ татгалзсан Х.Баттулгын оронд дахин давхар дээлтэй хүнийг нэр дэвшүүлэн нохойтож үзэв. Энэ бүхнийг солиорол гэхээс өөр юу гэж нэрлэхэв. Энэ солиорлын эзэн мэдээж хэрэг Ерөнхий сайд Н.Алтанхуяг.  Малчин ард шиг аяглаж, зөөлөн зөөлөн дуугарах энэ эрхмийн цээжинд хар хор буцалж байгааг сүүлийн үеийн үйл явдлууд дэндүү ихээр харуулна. Тэр яагаад дахин давхар дээлтэн төрүүлэх болов? Үүний цаана мөнөөхөн  л явцуу бүлэглэлийн эрх ашиг нуугдаж байгааг цөөн хүн  гадарлаж байна. Юун түрүүнд түүний номер нэг дайсан эдийн засгийн хямрал биш “Женко” Баттулга болж хувираад байгаа гэнэ. Засгийн газрынх нь амин сүнсийг таслахыг санаархаж байгаа гэж хардахдаа гарыг нь мухарлахаар шийджээ.


Иймээс нэн тэргүүнд улс төрийн карьер нь дуусч буй Ш.Түвдэндоржийг сонгож авчээ. Тэр Ш.Түвдэндоржийг үнэлдэгтээ ч биш зүгээр л “Алтан гадас” фракцынхаа гишүүний тоог нэмэхийг санаархсан гэвэл та итгэх үү.


Н.Алтанхуяг давхар дээл тайлсан хүний оронд давхар дээлтэй хүн суулгахгүйг сайн мэднэ. Тиймээс Ш.Түвдэндоржийг дуудаад “Би чамайг тултал нь дэмжинэ, харин чи УИХ-ын гишүүнээсээ татгалзчих” хэмээн гуйх ятгахыг хослуулжээ. Хачирхалтай нь нөгөөх нь хууль тогтоох дээд байгууллагыг гүйцэтгэх засаглалын сайдаар солихыг зөвшөөрчээ. Мөнгөн дээр гарын үсэг зурдаггүй Хууль зүйн байнгын хороон дарга байснаас олон тэрбум эргэдэг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарыг сонгох нь тэр. Мэдээж хэрэг улс төрөөс нэгэнт зодог тайлах нь тодорхой Ш.Түвдэндорж таван цаастай салахаа бодсон биз. Нөгөө талд Ш.Түвдэндоржийг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж гэмээнэ жагсаалтын дагуу Б.Мэдрээ орж ирэх болно. Мэдрээг Фортуна Батбаярын хүн гэдэг. Асуудал ихээхэн ойлгомжтой болж байна.


Фортуна Батбаяр Н.Алтанхуяг хоёр одоохондоо нэгэн амьтай болоод байгаа. Гэхдээ ам нь хагархай Фортуна халамцахаараа “Алтанхуягийн мэддэг гэж юу байдаг юм, Ерөнхий сайд чинь би байхгүй юу” хэмээн томордог нь оргүй биш байхаа. Үндсэндээ улс орны эдийн засгийг унагасан жинхэнэ эзэн нь Фортуна Н.Батбаяр. Тэрээр бондын мөнгөний ихэнхийг цемент болгоод цутгачихсан хүн. Өөрөөр хэлбэл барилгын салбараас гадна эдийн засгийн үр өгөөж багатай хувьдаа ашиг ихтэй бизнес рүү оруулсан.  Ямар сайндаа л хөдөө орон нутагт бондын мөнгөнөөс “Гудамж төсөл хэрэгжүүлнэ” хэмээн балайрч байхав. Ер нь гадныхан ярьдаг юм. Та нар хамаг мөнгөө цемент болгосон шүү дээ. Танай эдийн засгийг Н.Батбаяр, Д.Ганхуяг гэдэг хоёр сайд чинь л унагачихлаа хэмээн ил тод хэлэх болжээ. Нээрээ ч энэ хоёр хүн л гадны хөрөнгө оруулалтыг шилбүүрдэж хөөсөн нь маргашгүй үнэн билээ. Энэ бүхнийг түр орхин шинэхэн сайдын томилгоо руу эргэн оръё. Алтан гадас фракцынхны хувьд өөрсдийг нь бүрхэгдүүлж байдаг томоохон субъект бол МоАХ-г хэмээн үздэг. Тэд Х.Баттулгатай цуг МоАХ фракцыг нэгмөсөн булшлахыг санаархаж байна. Харамсалтай нь ардчиллын бүр эхнээс нь ах дүү  тавуулаа орж ирж байсан Ш.Түвдэндорж хэдэн халтар цаасаар үзэл бодлоо арилжиж байх юм. Өнөөгийн Засгийн газрын бодлого хэвтээ тэнхлэгээр явагдаж байгаа. Энэ нь Алтан гадас, МҮДН хоёрын бодлого юм. Өдийг хүртэл Алтан гадас фракцад үзэл бодол, төлөвшил, үүрэг зорилго гэж байсангүй. Нэгэн үе Н.Энхбаярын халаасны хүмүүс болцгоож, зарим нь тухайн үеийн МАХН-тай нэгдэхийг хүсч, тэр ч бүү хэл саяхан С.Баярцогт Ардын намтай хамтрая хэмээн бүдүүлэг зан гаргаж байсан. Алтан гадасынхан бол ийм л хүмүүс. Өнөөдөр Засгийн газраас хэвлэлүүдийн амыг барихаар хагас тэрбум шахам төгрөг цацаж байгааг барим тавин нотолсон жиргээнүүд явж л байна. Ирэх 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ хэмээн бурцгааж байгаа ч хийж буй ажил гэж алга. Зүгээр л ард түмний тархийг угаах 100 хоногийн ажил хийх гэж байна. Бүр сүүлдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг үе үехэн Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна хэмээн мэдэгдэх боллоо. Энэ нь ч учиртай. Түүний хүргэн, охин, бас Ахлах зөвлөх Л.Гансүхийнх нь авлига, хээл хахуулийн хэргийг АТГ-аас илрүүлэн шалгаж байгаатай холбоотой.


Нөгөөтэйгүүр эдийн засгаа сэргээж чадахгүй бол АТГ ажил хийлгээгүй хэмээн нохойтох гэж байгаа юм. Бас нэг буруутан бий болсон. Тэр нь Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал болж хувираад байгаа. Одоохондоо түүнд ийм л хоёр буруутан бий болоод байна. Маргааш чухам эдийн засаг хямарсны буруутанг хэнээр тодруулахыг математикийн багш Н.Алтанхуяг тооцоолж суугаа вий. Н.Алтанхуяг эдийн засгийг сэргээж чадахгүй ч хор найруулахдаа үнэхээр чадмаг юм аа. Энэ бүхний хохирогч нь ард түмэн болохоор даан ч дуугүй сууж чадсангүй.


Л.ЮPA

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж