Төрийн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн, авсан, онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэж байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, А.Чандмань, Н.Отгонболд нарын дөрвөн хүний хэргийг шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч хойшиллоо. Шүүх хуралдаан Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж, “Шүүгдэгчийн өмгөөлөгч хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй” гэх шалтгаанаар энэ сарын 29-ны 10.00 цаг хүртэл хойшилсон юм. Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас Д.Амарсайхан нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 166.2, 268.2, 269.1-д заасан зүйл ангиудаар буюу онц их хэмжээний мөнгө угаасан, хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутган хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Одоогоо Х.Анхбаяр, А.Чандмань нар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж, Н.Отгонболд батлан даалтад гадуур байцаагдаж байгаа ажээ.
Д.Амарсайхан агсны хэргийг тусгаарлахгүйгээр шийдвэрлэнэ
“Хэргийн нэг шүүгчдэгч амь насаа алдсан тул хэргийг тусгаарлаж бусад шүүгдэгчдийн хэргийг шийдвэрлэнэ гэж яригдаж эхлээд байгаа. Хуулиараа бол хавтаст хэрэг нэгэнт шүүхэд шилжиж, хурлын тов гарсан үед шүүгчдэгч амиа алдсан тул хэргийг тусгаарлах учиргүй. Өөрөөр хэлбэл хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэнэ. “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын мөнгө угаасан хэрэгт талийгаач Д.Амарсайхан ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна” гэж Газрын тосны дарга агсан Д.Амарсайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хурлын үеэр мэдэгдлээ.
Өмгөөлөгчийн мэдэгдэж байгаар энэ сарын 29-нд болох шүүх хуралдаанд хойшлохгүйгээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм байна.
“Х.Анхбаяр 12 тэрбум төгрөг угаагаагүй”
Шүүх хуралдааны үеэр “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын эхнэр Б.Баярмаагаас хэргийн талаар дараах мэдээллийг тодрууллаа.
-АТГ-аас Х.Анхбаярыг Куба улс дахь оффшор данснаас 12 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэж мэдээлээд байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Нэг данснаас нөгөө дансруу мөнгө шилжихийг мөнгө угаана гэдэггүй. Хэрэв үүнийг мөнгө угаасан гэж үзэж байвал манай томоохон хөрөнгө оруулагчдыг гутаан доромжилж байна гэсэн үг шүү дээ.
-Цуцалсан лицензүүдийг авлига өгч сэргээлгэсэн асуудлын тухайд?
-Хэрэв цуцалсан лицензүүдийг сэргээлгэсэн гэж үзвэл хэн нэгэнд авлига өгсөн байх учиртай. Гэтэл авлига авсан гэх төрийн албан тушаалтан нэг ч хүн байхгүй шүү дээ.
-Таны нөхрийг шүүгдэгчээр татаад байгаа энэ хэрэгт Д.Амарсайхан агсанямар холбоотой вэ?
-Д.Амарсайхан талийгаачийг авлига авсан, өгсөн хэрэгт сэжиглэж байгаа гэсэн.
Д.ЖАРГАЛ