Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн болж байна

Архангай аймгийн Засаг Даргын Тамгын Газраас санаачлан “Бичиг соёл-2014” хөтөлбөрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ-тай хамтран “ Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн” зохион байгуулж байна.

Монгол бичгийн гайхамшгийг харуулсан уран бичлэгийн үзэсгэлэн аймгийн ХДТ, ЗДТГ-ын байранд хоёр өдрийн турш дэлгэгдэхээс гадна Монгол бичгийн түргэн уншлага, уран бичлэгийн уралдаанууд ард иргэдийн дунд явагдах юм.

Тус үзэсгэлэнд “ Бичиг соёл боловсролын төв”-ийн тэргүүн Д.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын реферэнт Г.Баттогтох, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол уран бичлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Б.Оргил, Очир зам сэтгүүлийн эрхлэгч Дамбаева Маргарита нарын тэргүүтэй 30-аад хүний бүрэлдэхүүнтэй баг ирж оролцож байгаа ажээ.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаан дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын реферэнт Г.Баттогтох хэлэхдээ: Бичиг соёлын арга хэмжээ маань өмнө нь Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь зэрэг аймгуудад болж байсан хэдий ч аймгуудаас анх удаа Архангайд олон улсын чанартай томоохон үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа нь Архангайчууд үндэсний хэл соёлоо хэрхэн хүндэтгэн, бахархдагийн том жишээ юм гэлээ.

Харин Тамгын газрын дарга Б. Лхагвасүрэн: Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй бичигдэж болох, хамгийн хурдан бичигдэж болох Монгол бичигээ бид өвлүүлэн дэлгэрүүлэх нь бидний журамт үүрэг юм. Цаашид энэ талаар олон ажил санаачлана, хэрэгжүүлнэ хэмээлээ.

Тус үйл ажиллагааны нээлтйин үеэр БШУЯ-ны “ Бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ, Номын сангийн дарга О. Мөнхтуяа, БГ-ын мэргэжилтэн Энхгэрэл, МУБИС-ийн багш Мөнхтуяа нарыг шагналаа.

ЭХ сурвалж: www.zasag.mn/m/arkhangai

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж