91 мянган тонн багтаамжтай элеватор барина

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

91 мянган тонн багтаамжтай элеватор барина

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр  тариалангийн алслагдсан бүс нутгуудаар хүнсний ногоо, буудайны агуулах, элеватор шинээр барихаар болжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгон, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Булган аймгийн хутаг-Өндөр сум, Увс аймгийн Баруунтуруун суманд нийт 91 мянган тонн багтаамжтай элеватор барих юм байна. Энэ ажлыг БНХАУ-ын “Синоконст” ХХК гүйцэтгэх бөгөөд гэрээнд зарим нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна.

Харин нийслэл хот орчимд агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран хэрэгжүүлж буй “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд төмс, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүний агуулах, худалдааны төв байгуулах юм. Уг төвийг байгуулахаар төсөлд шалгарсан 33 аж ахуйн нэгжийн 16 нь зээлээ авч, ажлаа эхлүүлсэн байна. Төсөл 2013-2016 оны хооронд хэрэгжиж, 60 мянган тонн багтаамжтай агуулах, худалдааны төв ашиглалтад орохыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Мөн Дархан-Уул аймагт үр тариа хадгалах зориулалттай 36 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтыг зарлажээ.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар улсын үр тарианы элеваторын хүчин чадлын тухайд 146 гаруй мянган тонн, хувийн гурилын компаниудад 300 мянга орчим тоннын хүчин чадалтай үр тариа хадгалах элеватор байгаа юм. Дээрхи элеватор, агуулахын асуудал шийдэгдвэл тариалсан хүнсний ногоо, буудайгаа стандартын дагуу хадгалж, гадны импортын халах боломж бүрдэх ажээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж