Гай газар дороос гэгчээр “тэнгэрээс” унасан төмөр, чулуу, мод, кран, шон, байшинд цохиулаад зуурдаар нас барах вий гэдгээс маш их айж байна. Миний энэ айдсыг арилгаж, амьд явах эрхийг хэн баталгаажуулах вэ, хууль батлагчид аа. Хуулийг хүний төлөө баталдаг болохоос хуулийн төлөө хүн амьд явдаггүй биз дээ.
Монголын хүний амьд явах эрх алдагдсан талаар хэвлэл мэдээллийнхэн улиг болтлоо бичлээ. Харамсалтай нь, энэ асуудал УИХ, Засгийн газар, хотын удирдлагуудад хамаагүй сэдэв болсон бололтой.
Э.Бат-Үүл хотын даргаар томилогдсоныхоо дараа барилгын салбарынханд хариуцлага тогтоохыг амалсан. Хаана тэр амлалт биелэгдэж байна, хар л даа өдөр болгон нэг иргэн дээрээс унасан төмөр, мод, чулаанд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэтэл юу яасны уут вэ. Тэр уут чинь нийслэлчүүдийн амьд явах эрхээс илүү чухал сэдэв үү. Нэг ширүүхэн шуурганаар нийслэлд бүхэл, бүтэн барилга нураад ирэх хэмжээний айдас, түгшүүртэй байдал бий болсныг өчигдрийн үйл явдал харууллаа.
Шалихгүй салхи шуурганаар бөөн асуудал үүсч байгаа юм чинь газар хөдөлбөл нийслэлд амьд үлдэх хүн байна уу. Өчигдөр нийслэлд салхины хурд 8-13 м/с хүрсэн биш энд тэндгүй барилгын хамгаалалтын төмөр унаж, зарим байншингуудын дээвэр нь нурж ойчсон гэх.
Тухайлбал, Баянгол дүүрэгт байрлах “Аморе” зочид буудлын хажуу талд баригдаж байгаа өргөтгөлөөс төмөр унаж найман настай хүүхдийг хүндээр бэртээсэн байна. Хичээлээ тараад ээжтэйгээ явж байсан охины дээрээс төмөр унаж, хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Тэгвэл хоёр жилийн өмнө мөн л хичээлээ тараад ээжтэйгээ явж байсан охины дээрээс зуурмагч кран унаж амь насыг хөнөөсөн. Харамсалтай нь тэр хэргийн хариуцлагыг энгийн ажилчдад нь үүрүүлээд, эзэд нь ямар ял шийтгэлгүй өнгөрсөн. Мөн Баянзүрх дүүрэгт байрлах “Зохиомж” дээд сургуулийн хажуу талын авто машины гаражийн дээвэр хууларч, дөрвөн машин дарж эвдэлсэн хэрэг гарсан байна. Түүнчлэн "Metro Mall" дэлгүүрийн баруун талд байрлах "Чингис" уушийн газрын хана нурж, 50 настай хүн бэртсэн бол СУИС-ийн хананы гадна фасад нурж бусдын эрүүл мэндийг хохироосон хэрэг гарчээ.
Одоо байтлаа гудамжаар ч тайван чөлөөтэй явах боломжгүй дээрх хэргүүд нотолж байгаа юм. Хэзээ, хаанаас юм унаад ирэх вэ гэж ямар байнга дээшээ нүдээ сөлийлгөж явалтай нь биш дээ. Гэтэл мэргэжлийн хяналтынхан браилгынханд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг нь шаардах байтлаа, иргэд минь барьж байгаа барилгаас холуур яваарай гэж зөвлөх, даапаалахын хооронд анхааруулж суух вэ.
Монголд хариуцлага гэж байсан бол Улаанбаатарын гудамжаар нийслэлчүүд хэнээс, юунаас ч айхгүй явах байлаа. Барилгынхантай хариуцлага тооцдог байсан бол гудамжаар алхаж явсан жирийн иргэн бусдын хариуцлагагүй байдлаас болж зуурдаар амь насаа алдахгүй байсан билээ.
Улаанбаатарыг аюулгүй, улаанбаатарчуудын амьд явах эрхийг баталгаажуулья гэвэл Монголд амь бөхтэй оршиж байгаа хуулийг худалдаж авдаг, мөнгөтэй, нөлөөтэй, танилтай бол хариуцлагаас мултарч чаддаг явдлыг халах ёстой. Хэрэвзээ үүнтэй тэмцэж чадахгүй бол Улаанбаатарт амьд явахыг хориглоно гэсэн хууль гаргачихвал яасан юм. Эрүүл хөрсөө идсээр байгаа хорт ургамлыг үндэс, сууриар нь өөрчлөхгүй бол Монголд монгол хүний амь хамгийн хямдхан хэвээрээ үлдэх бус уу.