Урд хөршөөс хог авчирлаа гэж хараалгуулан хувцас, хунар зөөн амьдралаа авч явдаг байсан томоохон дэлгүүрийн лангуу түрээслэгчид зээлээ төлж чадахгүй хүндхэн байдал орсон талаараа ярьж толгой сэгсэрнэ.
Харин манай Засгийн газарт л хэмнэлтийн бодлого алга. Хэмнэлтийн бодлого барихыг шаардаж, хэрэгжүүлэн төрийн яамд, агентлагуудын жийпийг заруулж байсан УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр энэ тухай “УИХ-аас Засгийн газрын гишүүн, Боловсролын сайдаар томилогдоод ажиллахдаа би боловсролд шинэчлэл хий гэдэг л үүрэг авсан. Тийм учраас тэр ажлаа л хийж байгаа. Тансаг хэрэглээ, хямд хэрэглээний тухай ойлголт байхгүй л дээ” гэж өмнөхөөсөө тэс хөндлөн юм ярьчихсан тууж явна. Хэдийгээр хотын өмнөх удирдлагуудын тансаглалыг давтахгүй гэж байсан хотын дарга Э.Бат-Үүл “Хоёр жил өмнө өмнөх дарга нь 186 сая төгрөгөөр лексус 570 авсан. Тэрийгээ бараг унаагүй. Яагаад гэвэл ажлаа хаяад явчихсан юм чинь. Энийг нь унахгүй, аваачаад зар гэдэг үүргийг би өгсөн. Манай төрийн өмчийн газар хоёр удаа дуудлага худалдаанд оруулсан. Сүүлд нь аргаа бараад 100 саяас дуудуулсан. Тэрнээс доошоо оруулчихвал хэрэгт орно гээд аргагүйн эрхэнд унаж байгаа л даа” гэчихсэн 570-аа унаад явж байна.
Ийнхүү тансаг хэрэглээг хязгаарлах, хэмнэлтийн бодлого баригчдийн нэг нь бодлоосоо буцсан бол нөгөө нь аргагүйн эрхэнд унаж яваа юмсанж.
Ажиглаад байхад төрийн том том жийп машин буурсан харагдсангүй. Яам болгоны гадаа голдуу “Ланд крузер-200”, “Лексус-570” сойгоотой харагдаж байна. Харин төрийн хэмжээнд тансаг хэрэглээний ийм “хүлэг” хэдээр тоологдохыг тодорхойлсон баримт олдсонгүй.
Иргэд бүсээ чангалаад байгаа ч тэдний татварын мөнгөнөөс багагүй хувь нь төрийн албаныхнын том жийпэнд, тэрнийх нь шатахуунд зарцуулагдаж буй.
Гэтэл эдийн засаг нь өсөлттэй байгаа ч Хятад хэмнэлтийн бодлого барьж байна. Хүлээн авалт, хоолонд зарцуулдаг мөнгөө 2014 онд бүгдийг нь хассан тухай оны эхэнд Гадаад хэргийн орлогч сайд нь танилцуулж байсан. Хятадад үнэтэй цаг зүүхийг хориглоогүй ч тансаг хэрэглээтэй дарга нараа авлигын хэргээр шалгаж өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд 180 мянган нөхөрт ял өгчээ. Гэтэл манайд байдал эсрэгээрээ байсаар л байна.
Адаглаад том том жийпээ цөөлчихөд ажил нь явахгүй болчихмооргүйсэн. Мэдээж зам муутай Монголд гадны өндөр хэмжээний айлчлал, хөдөө ажиллахад жийп хэрэгтэй. Тодорхой тооныхыг нь үлдээгээд бусдыг нь төв талбайдаа авчираад зарчихвал яасан юм бэ. Магадгүй улс орноо гэсэн сэтгэлтэй хувийн хэвшлийнхэн зах зээлийн үнээс ч илүүгээр худалдаж авахад бэлэн байгаа гэж мөрийцсөн ч болно.
Нийслэлийн “Хангарьд” ордонг хувийнханд зарах гэж байгаа нь зөв. Дээр нь нэмээд төсвийн хөрөнгөнөөс талыг нь гаргаж, намдаа харамгүй хандивлан босгосон МАН-ын байрыг Улсын өмчид аваад хувийн хэвшлийнхэнд зараад гэр хорооллоо барилгажуулахад зарцуулахад буруудах зүйлгүй. Энхрий хайрт намынхаа төлөө тэгэж хандив өргөсөн МАН-ынхан эх орныхоо төлөө л юм бол энэ зэрэгт горойхгүй байлгүй.
Эрхэм түшээд ээ, хэсэгхэн хугацаанд төв талбайг төрийн том жийпийг дуудах худалдааны бүс болгоё. Дан, давхар дээлнээс ч илүү бодитой бодлого болно.
Иргэдийн ходоод нь хоржигносон ч бүсээ чангалж, талхнаас өөрийг авч хүчирхгүй болоод буй ахуйд тулгар биетэй эмэгтэй шиг харагддаг төрийн түшээд нь ядаж сунасан гэдсээ татахгүй бол болохгүй биз дээ. Жийп чинь тансаг хэрэглээ биз дээ, Ерөнхий сайд аа?! Эдийн засаг нь хүндхэн байхад заавал жийп унаж байхаар аксент гэдэг аятайхан машинаа уламжлаад унаад, хэмнэе л дээ, тийм үү?