Уул уурхайн салбар энэ оны төсөвт 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Үүний 43 хувийг нүүрс, 27 хувийг зэсийн баяжмал, 13 хувийг алт тус тус бүрдүүлэх юм. Энэ нь улсын нэгдсэн төсвийн орлогын 12 хувийг эзэлж байгаа. Төсөвт суулгасан уул уурхайн орлогын гуравны нэгийг төвлөрүүлэх нүүрсний экспорт энэ онд төсөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй бололтой. Өнгөрсөн онд 34 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч зах зээл, үнийн байдлаас болж 18 сая тонныг л экспортолж, төсийн орлого тасарсан билээ. Тэгвэл энэ онд ч мөн 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Гэвч одоогийн байдлаар 3.6 сая тонныг борлуулжээ. Энэ нь 45 сая ам.доллартай тэнцэж байгаа юм байна. Үүнийг 2012 онтой харьцуулбал тав дахин унасан үзүүлэлт бөгөөд төсөвт нүүрсний үнийг чанараас хамааруулан тонн тутамд нь 81-115 ам.доллар байхаар тооцсон байгаа юм. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компани 31.4 сая тонн нүүрсний 11 саяыг дангаар гаргана гэж тооцсон билээ. Гэхдээ одоогийн байдлаар “Чалько” компанийн өрөндөө нүүрс нийлүүлж байгаа бөгөөд ирэх зургадугаар сарын 1-н гэхэд бүх өрөө барагдуулж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
О.САР