Үнийн өсөлтийг хуулиар хазаарлах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Үнийн өсөлтийг хуулиар хазаарлах хэрэгтэй гэв

-МҮЭХ өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг давах тухай шаардах хуудсыг УИХ-д өргөн барина-

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ өнөөдөр/2014.04.04/ эдийн засгийн нөхцөл байдал, цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. МҮЭХ УИХ-ын дарга З.Энхболдод өнөөгийн эдийн засгийн байдал, хууль зүйн шинэтгэл, бусад асуудлаар үндсэн гурван чиглэлтэй нийт 20 орчим асуудлаар шаардах хуудсыг өнөөдөр явуулах юм байна.

Тодруулбал, өнгөрсөн сараас төрийн байгууллагын ажилтны цалинг нэмсэн ч одоог хүртэл цалингийн нэмэгдлээ тооцуулж аваагүй ажилтнууд байгаа бөгөөд энэ асуудлыг яаралтай шийдэхийг Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон шаардаж байгаа юм.  Хурлын үеэр МҮЭХ-ны  дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт дуншиж байна. Иргэдийн худалдан авах чадвар муудаж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрэхгүй байна. Мөн төрийн албаны цалин нэмэгдсэн гэх ч нэмэгдлээ аваагүй, мэдэхгүй хүмүүс их байгаа учир бидэнд хандах боломжтой. Эдгээр асуудлыг үндэслэн бид шаардлага хүргүүлж, УИХ-ын хаврын чуулганаар хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нухацтай хэлэлцэхийг хүсч байгаа” гэж хэлсэн юм.

Шаардлагад эрх зүйн шинэчлэлийн хүрээнд, 

-Шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, орон сууцны үнийн өсөлтийг хазаарлах, зохицуулахын тулд Үнэ бүрдэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах,

-Эдийн засагт тулгарсан хүндрэлийг даван туулах арга замыг тусгасан тусгайлсан хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх. Үүндээ бизнесийн байгууллагын төлөөллийг сайтар оруулж, саналыг нь авах,

-Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрт өөрчлөлт оруулах ,

-Үндэсний мөнгөн тэмдэгтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,

-ТӨХК-иудыг хувьчлах том ажлыг тасралтгүй зохион байгуулах. Хувьчлах явцад том компаниудын хувьцааны тодорхой хэмжээг ажилтнуудад өгөх, олон нийтэд нээлттэй худалдах хэрэгтэй. Ингэснээр төрийн том байгууллагын ажилтнууд авлига, хахуулиас ангид байж чадахыг Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон тайлбарлаж байна.

Ийнхүү эдгээр асуудлыг шаардлагад тусгасан бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэж, өргөн хэрэглээний барааны өсөлттэй тэмцэх, цалингийн нэмэгдлийн асуудлыг яаралтай цэгцлэх шаардлагатай гэж үзжээ.

Эрүүл мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

-Өнгөрсөн сард төрийн байгууллагад ажиллагсадын цалинг нэмсэн ч хотоос алслагдсан хот, суурин, зарим аймгуудаар хүмүүс ямар ч мэдээлэлгүй байна. Ингэхээр цалин нь нэмэгдсэнийг ч өөрсдөө мэдэхгүй, цалингийн нэмэгдлээ тооцож аваагүй байна.

Үндсэндээ мэдээллийн хоцрогдол их байгаа учраас хүмүүс цалингаа нэмээгүй гэсэн гомдол ирсэн. Тиймээс байгууллагууд хуулиа сахих ёстойгоос гадна ажилтнууд компанидаа үйлдвэрчний эвлэл байгуулж амжаагүй бол байгуулж, эрхийнхээ төлөө тэмцэхийг уриалж байна.

-Эрүүл мэндийн байгууллагад ажиллагсадын цалинг хэд орчмоор нэмсэн байна?

-Харилцан адилгүй л дээ. Тодорхой хэлэх боломжгүй.

Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг:

-Манай боловсролын салбарт 69 орчим мянган ажилтан бий. Боловсролын байгууллагын ажилтнууд, тэр дундаа багш нарын хөдөлмөрийг үнэлэх цалингийн нэмэгдэл хөлс бүрэн тооцогдохгүй байна. Багш хүн олон хүүхэдтэй харьцдаг, ачаалалтай ажилладагийн хувьд ур чадварын  болон нэмэгдэл хөлс тооцуулж авдаг. Гэтэл нэг нэмэгдэл авах болохоор нөгөө нэмэгдлийг нь хасчихдаг. Өгдөг нэмэгдэл нь бүрэн хэмжээндээ хүрэхгүй асуудал их байгаа учраас үүнийг шалгаж, арга хэмжээ тооцмоор байна.

У.БОЛОР
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж