Хятадад тэжээвэр шувууны худалдааг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

Хятадад тэжээвэр шувууны худалдааг хориглолоо

Хятадын зүүн нутгуудад шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрийн халдвараар өвчлөгсдийн тоо нэмэгдэж буйн улмаас тэжээвэр шувууны худалдааг хоригложээ. Хятадын Халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэх албанаас мэдээлснээр тус улсад 2014 он гарсаар 96 хүн шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрийн халдвараар өвчилсний 19 нь нас барсан гэнэ. Дөнгөж долоо хоногийн өмнө гэхэд Хятадад 50 гаруй хүн шувууны томуугаар өвдсөн тохиолдол бүртгэгдсэн нь халдварын тархалт эрчимжиж буйг илтгэж байгаа аж. Мөн Хятадын цагаан сарын баяртай холбоотойгоор уг өвчний тархалт улам нэмэгдэж болзошгүй байгаа тул албаныхны зүгээс тэжээвэр шувууны захуудыг хаах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Үүний зэрэгцээ Хятадын зүүн хэсгээс авчирсан тэжээвэр шувуунаас “H7N9” вирусын өсвөрийн халдвар илэрсэн тул Хонгконгт өнөөдөр /I.28/ 20 мянган тэжээвэр шувууг устгалд оруулжээ. Харин Шанхайд ирэх баасан гаригаас эхлэн тэжээвэр шувууны худалдааг гурван сарын хугацаагаар хориглох гэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “H7N9” вирусын өсвөр хүнээс хүнд халдах магадлал маш бага гэж мэдэгдсэн билээ. Түүнчлэн Хятадын Жянси мужид өнгөрсөн амралтын өдрүүдээр шувууны томуугийн “H10N8” вирусын шинэ өсвөрөөр хүн өвдсөн хоёр дахь тохиодол бүртгэгджээ. Эмч нарын мэдээлж буйгаар шинэ өсвөрөөр өвчилсөн 55 настай эмэгтэйн бие маш муу байгаа гэнэ.  “H10N8” вирусын өсвөрөөр өвчилсөн анхны хүн болох 73 настай нас эмэгтэй өнгөрсөн арванхоёрдугаар сард нас барсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж