Давост Монголын талаар тусгайлан хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Давост Монголын талаар тусгайлан хэлэлцэнэ

1971 оноос зохиогдож буй Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийг зорьжээ. Энэ сарын 22-25-ны хооронд болох Давосын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн ирээдүйн талаар тусгайлсан хэлэлцүүлэг болохоороо онцлог.
 
Энэ удаагийн Давосын уулзалтын сэдэв бол “Дэлхийн өөрчлөн байгуулалт: Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар”. Давосын Эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч, профессор Клаус Шваб “Давост дэлхийн лидерүүд удаан хугацааны хөгжлийн төлөвийг тодорхойлохын тулд цугладаг. Энэ жилийн сонгон авсан сэдэв нь дэлхийн лидерүүд өөрсдийн дүгнэлтээ дахин цэгнэх шаардлагатай байгааг хэлж байгаа юм…Дэлхийн өөрчлөн байгуулалт нь хамтын санаа, хамтын үйлдлийг шаардаж байна” хэмээн хэлсэн байна.

Профессор Клаус Шваб Дэлхийн эдийн засгийн форумыг 1971 оны нэгдүгээр сард Европын бизнесийн лидерүүдийн уулзалтын үеэр ашгийн бус сангийн хэлбэрээр үүсгэн байгуулсан. 1987 он хүртэл Европын удирдлагын форум нэртэй байж байгаад 1987 оноос Европын асуудлаас хальж илүү глобал өргөн хүрээтэй болж байгааг илтгэхийн тулд Дэлхийн эдийн засгийн форум нэртэй болсон байна.
Форум эхнээсээ дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг эергээр шийдэхэд онцгой үүрэгтэй байж чадсан. Нэн ялангуяа дэлхийн зөрчилдөөнт асуудлуудын талаар харилцан ойлгоцлыг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тухайлбал, Берлины хана нурсаны дараа, Энэтхэг, Хятадын асуудал зэрэгт онцгой зуучлагч үүрэг гүйцэтгэсэн гэгддэг аж. Мөн олон глобал ажлын санаачлагч болсон байна. Тухайлбал, ДОХ, сүрьеэ, хумхаа зэрэг өвчнүүдтэй тэмцэх дэлхийн санг үүсгэн байгуулж, вакцинжуулалт, дархлаажуулалтыг дэлхий нийтийн ажил болгоход зохих хувь нэмрээ оруулжээ.

Д.НАР
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж