“BFM” агентлагт улстөрийн зорилгоор халдсан уу?

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

“BFM” агентлагт улстөрийн зорилгоор халдсан уу?

-Хэрэгтэн хоёр ч удаа агентлагт халдсан бөгөөд сонины гэрэл зурагчинг шархдуулсан байна-

Францын хэвлэл мэдээллийн томоохон агентлаг “BFM” нь телевиз, сонин, сайт гэсэн гур­валсан байдлаар үйл ажиллагаа явуулдаг Францын нөлөө бүхий томоохон агентлагуудын нэг юм. Тэгвэл энэхүү агентлагийн байранд гар буутай гэмт хэрэгтэн өнгөрсөн долоо хоногт нэвт­рэн, сэтгүүлчдийг нь айлган сүр­дүүлж, заналхийлсэн тохиолдол гар­сан байна. Айлган сүрдүүлэгч цагдаагийнхнаас зугтаж амжсан аж. Тухайн үед хоёр удаа буу­даж, тус агентлагийн сэтгүүлчдэд анхааруулга өгсөн. Гэсэн ч хэд хоногийн дараа 40 орчим настай цагаан арьстай өнөөх эрэгтэй дахин халдлага үйлдсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Энэ удаа тэрбээр “Liberation” сонины редакци руу халдаж, сонины гэрэл зурагчин залууг буудаж гэмтээсэн аж. Хүзүү бо­лон хэвлий хэсэгтээ хүнд шарх ав­сан гэрэл зурагчинг яаралтай эмнэ­лэгт хүргэж чадсан байна. Харин хү­ний аминд халдсан хэрэгтэн цаг­даа нараас мөн л зугтаж амж­жээ. Үүний шалтгааныг хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж, мэдээ мэдээлэл цацсаар байгаа юм. Учир нь түүний халдлага үйлдэх болсон шалтгаан нь тодорхой бус хэвээр байгаа.

Цагдаагийнхан хэрэг гарснаас хойш хяналтын камерт үлдсэн түүний хоёр дахь зургийг олон нийтэд цацаад байгаа юм. Түүнд буудуулсан гэрэл зурагчин 23 настай бөгөөд Парисын шилдэг гэрэл зурагчдын тоонд ордог нэгэн аж. Цагдаагийн ажилтнууд гэмт хэрэгтнийг эрэн сурвал­жилж байгаа юм. Хэрэгтэн 35-45 настай байх магадлалтай бө­гөөд хэрэг үйлдэхдээ сагсанбөм­бө­гийн цагаан пүүзтэй, хар өнгийн са­равчтай малгайтай, үүргэвч үүр­сэн байсан гэдгийг олж тогтоо­жээ. Энэ нь эхний өдөр сэтгүүлч­дийг сүрдүүлэхдээ өмссөн бай­сан хувцас нь аж. Харин гэрэл зурагчинд халдсан өдрөө тэр­бээр өвлийн улаан хүрэм, саарал ноо­сон малгайтай байсан байна.

Парис хотын цагдаагийнхан гэмт хэрэгтэнийг харсан үзсэн хүнийг яаралтай холбогдож, иргэний үүргээ биелүүлэхийг уриалсаар байгаа бөгөөд урам­шуулахаа ч амласан байна. Цаг­даагийн ажилтнууд, мөрдөн бай­цаагчид хэргийн талаар дэлгэ­рэн­гүй мэдээлэл одоогоор нуу­цалж байгаа юм. Магадгүй со­ни­ны редакци түүний талаар ма­териал нийтлэх гэж байсныг ч үгүйсгээгүй аж. Энэ талаар сонины ерөнхий нарийн бич­гийн дарга тайлбарлажээ.

Мөн анхны гэрчийн мэдүүл­гээр хэрэгтэн Ла Дифенсе тойр­гийн ойролцоогоос машин хулгайлс­ныг харсан гэдгийг онцолжээ. Хул­гайд алдагдсан автомашинуудаас хэргийг эхэлж мөрдөж бай­гааг хэвлэлээр онцлов. Гэрчийн мэдүүлсэн хэрэгтэн дээрх хэвлэл мэдээллийн агентлаг руу халдсан этгээдтэй адилхан байсан гэд­гийг эхний ээлжинд олж тогтоо­сон байна. Мөрдлөгө үргэлжилж байгаа бөгөөд хилийн бүсэд 24 цагийн хараа хяналт сайжруулсан байгааг тус улсын Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдсэн байна. 

Ажиглагчид дээрх халдлагыг улс төрийн үйл явцтай холбон тайлбар хийсэн. “Liberation” сонин нь Францын улс төрийн зүүний хүчний хэвлэл гэдгээрээ алдартай. Энэ нь нам хоорондын зөрчил үү, улс төрийн хүчний тэмцэл үү гэдгийг улс төр судлаачид тайлбарлахыг оролдсоор байгаа юм. Хэрэгтэн ямар нэг нам, улс төрийн хүчинд хүчин зүтгэдэг эсэх нь тодорхой болох юм бол асуудал өрнөх нь ойлгомжтой болж байгаа юм. Хэрэгтэнд сүр­дүүлэгдсэн хүмүүс зөвхөн сонины сэтгүүлчидээр дуссангүй. Сонины гэрэл зурагчинг алчихсан гэж эндүүрсэн хэрэгтэн “Societe Generale” банкны гаднаас таксины жолоочийг сүрдүүлэн Елисейн тал хүрэхийг тушаажээ. Таксины жолооч эр цагдаагийнханд бол­сон хэргийн талаар мэдүүлэг өгч, хэргийг цааш мөрдөхөд тусалсан аж. Хэрэг гарснаас хойш “BFM” телевиз болон “Liberation” сонины эргэн тойрныг цагдаагийнхан бүрэн хамгаалалтад авсан та­лаар Францын “TV-5” телевиз мэ­дээлсэн.

Хэрэгтэн бага оворын пу­лемот буутай байсан бөгөөд их л бухимдалтай байсан гэдгийг хо­хирогчид мэдэгдсэн. Иймэрхүү гэмт хэрэг Франц улсад төдий­лөн болоод байдаггүй. Сүүлийн дөр­вөн жилд ийм хүнд ноцтой гэмт хэ­рэг гарч байгаагүй гэдгийг цагдаа­гийн албанаас тайлбарлажээ. Ха­рин Их Британи болон хөрш зэр­гэл­дээ орнуудын хэвлэлүүд дээрх гэмт хэргийг хошин байд­лаас нь тайлбарласан нь франц­чуу­дыг гонсойлгосон. Тэд “Фран­цын цагдаагийнхны ээлжит дуу­лиан. Хүний аминд хүрсэн гэмт хэрэг­тэн ор сураггүй алга болжээ. Фран­цын сонинг хүчнийхэн бүслэлтэд ав­лаа” гэх зэрэг ёжилсон байдлаар хэд хэдэн мэдээ цацсан аж. Ямар­тай ч тус улсын цагдаагийн алба­наас гудамж талбайн хяналтын камерыг шүүж байгаа бөгөөд хэ­рэгтнийг эрэн сурвалжилж байна.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж