Сайд Л.Болд Ж.Локлэйрийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Сайд Л.Болд Ж.Локлэйрийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Номхон далайн Цэргийн командлагч, Адмирал Самуэл Ж.Локлэйр тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 02-нд ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын үеэр сайд Л.Болд, Адмирал Самуэл Ж.Локлеэйр нар хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар санал солилцов. Сайд Л.Болд энэ үеэр Монгол, АНУ-ын харилцааны хамгийн үр бүтээлтэй хөгжиж буй салбарын нэг нь батлан хамгаалахын хамтын ажиллагаа болохыг дурдаж, цаашид ч батлан хамгаалах, энхийг сахиулах хүрээнд хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар санал бодлоо хуваалцав.

Адмирал Самуэл Ж.Локлэйр олон улсад энх тайван, аюулгүй байдлыг тогтооход Монголын энхийг сахиулагчид чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэж, талархал илэрхийлсэн байна. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, түүний дотор Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хэтийн төлөв, Афганистан дахь эвслийн цэргийн үйл ажиллагаа, 2014 оны дараа эвслийн түнш орнууд хэрхэн хамтран ажиллах зэрэг бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар санал солилцжээ.

АНУ-ын Номхон далайн Цэргийн командлагч адмирал Самуэл Ж.Локлэйр нь Монгол Улсад анх удаагаа айлчилж байгаа бөгөөд тэрбээр энэ жил 10 жилийн ой нь тохиож буй “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулийн нээлтэд оролцох аж. Өмнө нь АНУ-ын Номхон далайн командлагч манай улсад хэд хэдэн удаа айлчилж байсан бөгөөд 2011 онд  АНУ-ын Номхон далайн Цэргийн командлагч адмирал Роберт Виллард Монгол Улсын БХЯ байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж