Урьдчилгаа нь хүрэлцэхгүйгээс шилжүүлж чадахгүйд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Урьдчилгаа нь хүрэлцэхгүйгээс шилжүүлж чадахгүйд хүрчээ

Зургаан хувиар зээл авах гэж материалаа бүрдүүлж өгсөн ч зээлээ авч чадаагүй олон хүн бий. Тэдний зарим нь өнгөрсөн хавар өлсгөлөн зарлахдаа тулсан. Тэдгээр хүмүүс найман хувийн зээлд хамрагдсан уу гэдгийг эргэн тодрууллаа. Анх залуу гэр бүлд хаяглан гаргаж байсан зургаан хувийн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр орон сууцны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэж байсан. Хаана ч байхгүй бага хүүтэй зээлийг сонгуулийн шоу болгон зарласан хэмээн одоогийн эрх баригчид үзэж буй бөгөөд зургаан хувийн зээлээс болж хохирол амссан иргэдийг найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулахаар болсон юм. Гэтэл жилийн найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байх хатуу заалтаас болж зарим нэгэн иргэд зургаан хувийн зээл ч үгүй, найман хувийнх руу ч хөрвөж амжихгүй ацан шалаанд орчихоод байгаа юм байна. Тэдний дотор “Голден парк” орон сууцны хорооллоос зээл авсан иргэд цөөнгүй байгаа ажээ. Тиймээс тэдгээр хүмүүс анх зарласан “Зуун мянган айл хөтөлбөр”-т заасны дагуу урьдчилгааг 10 хувиар тооцоод үлдсэн мөнгийг найман хувийн хүүтэйгээр зээлүүлэх хүсэлтийг холбогдох албанд хүргүүлэхээр болжээ. Ямартай ч зургаан хувийн зээл авахаар материал бүрдүүлсэн иргэдийн цөөнгүй хувь нь найман хувийн ипотек рүү шилжжээ. Харин үлдсэн цөөн иргэдийн асуудлыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж