Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанд тус комиссын Монголын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, мөн комиссын Австрийн хэсгийн дарга, Холбооны эдийн засаг, гэр бүл, залуучуудын яамны дэд сайд, хатагтай Бернадетте Марианне Гиерлингер нар тэргүүтэй хоёр улсын албаны хүмүүс оролцлоо.

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдааны үндсэн зорилго нь Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэхээр ажиллаж байгааг сайшааж, Австрийн Засгийн газраас олгож байгаа 40 сая еврогийн урт хугацааны зээлийг үр бүтээлтэй зарцуулах зорилгоор хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлж, холбогдох баримт бичгийг үзэглэн, хоёр тал саналаа нэгтгэн төслүүдээ тохироход оршив.

Хуралдааны эцэст эдгээр харилцан тохиролцсон төслүүдийг хэрэгжүүлэх нөхцлийг хангах, гүйцэтгэлд хяналт тавин ажиллах талаар зөвшилцөж, хамтарсан шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд эрчим хүч, уул уурхай, санхүү, аялал жуулчлал, дэд бүтэц, тээвэр, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санал санаачлага гаргаж яриа хэлцэл өрнүүлэн, хоёр талын хамтарсан үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, Австрийн орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци, шинэ стандартыг нэвтрүүлэх, нутагшуулахад харилцан дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэж, хоёр орны Засгийн газрын түвшинд тодорхой санал дэвшүүлэхээр тохиролцлоо.

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдааны протоколд хоёр тал гарын үсэг зурсны дараа  комиссын Австрийн хэсгийн дарга, Холбооны эдийн засаг, гэр бүл, залуучуудын яамны дэд сайд, хатагтай Бернадетте Марианне Гиерлингер нар тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Австрийн бүлгийн дарга Л.Цог хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар санал  солилцсон юм.

Г.ДАРЬ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж