Төв талбай болон бусад олон газар хүүхэд, гэр бүлийн инээд хөөрөөр дүүрэн өнжиж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд “Төрийн ордондоо иргэд маань чөлөөтэй зочилдог болсны дээр өчигдрөөс ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болголоо. Иймд бяцхан иргэд та бүхэн минь гэр бүлийнхэнтэйгээ очиж тоглоорой” гэлээ.
Энэ өдөр бүх дүүрэгт олон чиглэл, сэдвээр уулзалтууд болж байна. Халамж асрамжийн төвд амьдарч буй, хөдөлмөр эрхэлж буй, хорих ангид хүмүүжиж буй хүүхдүүдтэй хийх уулзалтуудыг ч тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж байгаа. Харин төв талбайд урлагийн тоглолт, хүүхдийн дууны уралдаанаар “Байгалиар гоёдог миний гэр бүл” зохиомж хөтөлбөр үргэлжилж байна. “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхдийн баярын үйл ажиллагааг байгаль эхээ хайрлан хамгаалахыг уриалан ийм сэдвээр зохиомжилсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.