Замын түгжрэлийг бууруулах арга олчихлоо, хотын дарга аа

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Замын түгжрэлийг бууруулах арга олчихлоо, хотын дарга аа

Орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой өнгөрсөн долоо хоногт  боллоо.

Энэ салбарын хөгжил  хурдаараа дэлхийн түвшинтэй эн зэрэгцэж бидэнд хамгийн сүүлийн үеийн шилдэг технологиудыг ашиглах боломжийг байнга олгож байгаа билээ. Ойн хүрээнд зохион байгуулагдсан ICT EXPO 2013 үзэсгэлэнг үзэж сонирхсон хүн бүрт энэ бүхэн тодорхой харагдсан гэдэгт итгэлтэй байна. Сонин содон бүхнээр дүүрэн байсан үзэсгэлэнгийн үеэр анхаарал татсан нэг зүйл бол “Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем” гэх төслийн танилцуулга байлаа. Уг нь бол харилцаа холбооны салбарын үзэсгэлэн дээр тэнэж төөрсөн зүйл мэт сонсогдож болох ч үнэхээр нүдээ олсон хэрэгтэй эд болохыг нь төслийнх нь мэргэжилтнээс багагүй шалгаасны эцэст ойлгож авсан юм. Хэн нэгэн компанийн бизнес гэдэг талаасаа биш, технологийн дэвшлийг амьдралд буулгах ач холбогдлыг нь харах юм бол энэ шийдэл өнөөдрийн тулгамдаад буй нэгэн асуудлыг шийдэхэд том хувь нэмэртэй санагдлаа.

Юу вэ гэвэл Э.Бат-Үүл даргын багийнхны барьж авсан, нэлээдгүй амжилттай хэрэгжиж байгаа хотын түгжрэлийг бууруулах ажилд томоохон хөшүүрэг болохоор санагдсныг энд дурдъя. Учир нь, өнөөдөр бидний хэн нь ч 5-6-хан автобусны буудлын цаадах газарт очихдоо гэрээсээ машинаа унаж гардаг нь тодорхой зүйл. Уг нь энэ түгжрэл дунд машинаа орхиод гармаар санагддаг ч “зовлон” их бий. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийн тухайд ам сайтай явдаг иргэн ховор. Уг нь хотын хөгжил гээч зүйл нийтийн тээврийн хөгжилтэй шууд хамааралтай байдгийг хаа хаанаа бид мэднэ. Гэвч энэ салбарт үнийн болоод технологийн шинэ бодлого дутагддагын улмаас өнөө маргаашаа аргацаасан байдалтай байна. Үүнээс болж иргэд эхний боломж гарав уу, үгүй юу хувьдаа машинтай болохыг урьтал болгож байгаа юм. Машинтай болох нь буруу зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Гол нь хотын замын ачаалал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед иргэд автомашинаа өдөр бүр унах биш зарим үед  нийтийн тээврээр дуртайяа зорчих сонголт хийх хөшүүрэг хэрэгтэй байна. Мэдээж одоогийн нөхцөлд манайхан тэр бүр автобусыг сонгож үйлчлүүлэхгүй болов уу. Хэн ч гэсэн хулгайд түрийвчээ алдаж, намайг биш гэхнээ өөр хэн нэгний үснээс ч чирж буулгах, эсвэл өндөр дуугаар хараал урсгахыг харах сонсохыг хүсэхгүй л  байх. Цаашлаад автобус нь бохир, жолооч, кондукторын харилцаа тааруу, архичид, гуйлгачид үнэгүй үйлчлүүлж, зорчигчдын тав тухыг алдагдуулдаг зэрэг хэдэн арван асуудал биднийг бүтээлч санаачлага гаргахыг шаардах мэт өмнө тээг болж байна. Мэдээж нэг үеэ бодоход сайжирсан олон асуудал байгаа ч одоо хүртэл шийдэгдэж дуусахгүй байна. Ямартай ч нийтийн тээврийн  үйлчилгээ эрс сайжирвал таван буудлын газар машин унаж, цаг зав, бензин тосоо барж явдаг үе өнгөрөх нь мэдээж.

Дээр хэлсэн “Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем” төслийг Скайтел групп  танилцуулсан юм. Иргэний хувьд үүнийг яагаад онцлоод байна гэхээр үнэхээр нийтийн тээврийг соёлтой орчин болгоё гэвэл тасалбар тасалж, мөнгө хураадаг, мөнгөө өгсөнгүй гэж кондуктор нь хашгичдаггүй болгох хэрэгтэй. Танилцуулж буй системийн онцлог нь хэрэглэгч нийтийн тээвэрт мөнгө төлөхийн тулд задгай мөнгөө цуглуулж ядах бус, бүхэл мөнгө өгөөд хариултаа нэхэж зогсох биш цахим хэлбэрээр автобусанд төлбөр тооцоо хийдэг болгох алхам юм. Төлбөр тооцоо хийхдээ бид зөвхөн гар утсаа зориулалтын төхөөрөмжид уншуулахад л хангалттай. Харин тэр зориулалтын төхөөрөмж нь жолоочийн хажуу талын хаалганд байрлаж, үйлчлүүлж буй бүх хүн түүнд гар утас, эсвэл зориулалтын карт уншуулснаар тухай бүрт нь  данснаасаа мөнгөө төлөх юм. Товчхондоо энэхүү технологийг нэвтрүүлбэл аль ч үүрэн холбооны хэрэглэгч гар утсаараа  цахим төлбөр тооцоо хийж зарцуулж, болно гэсэн үг. Хамгийн гол нь заавал үнэтэй утас байх шаардлагагүй. Энгийн гар утастай байхад л ийм үйлчилгээг авах боломжтой юм билээ.

Өнөө үед бүх л төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийхээс татгалзах болсон. Магадгүй энэ технологийг нэвтрүүлбэл хэрэглэгч гар утаснаасаа автобусанд төлбөрөө хийх, эсвэл тусгай картаар үйлчлүүлэх гэсэн хоёр сонголтын нэгийг хийх шаардлагатай болно. Аль аль нь боломжит хувилбар ч гэлээ орчин үед хүнд хамгийн хэрэгтэй, бараг л туслах шиг нь болсон эд хэрэгсэл бол гар утас. Тиймээс цалингийн карт, ажлын үнэмлэх гээд олон пластик эд дунд нийтийн тээврийн карт хэмээх бас нэг карт нэмэгдэх нь төвөгтэй. Харин гар утасандаа тусгай чип суурилуулж, түүгээрээ нийтийн тээвэрт саадгүй үйлчлүүлэх нь хялбар байх болов уу. Тэгээд ч хамаагүй дэвшилтэт зүйл.

Ямар ч гэсэн эхний ээлжинд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ бэлэн бусаар тооцоо хийдэг болж, улмаар тав тухтай орчин бүрдүүлж өгвөл автобусаар үйлчлүүлэгчид нэмэгдэж, соёлжих байх. Нөгөөтэйгүүр дээр хэлсэнчлэн таван буудлын газар машинаа унахаа боличихвол замын түгжрэл буурах нь тодорхой. Мэдээж энэ бол санаачилга болохоос бизнес биш. Хэрэгжүүлэх тал дээр хотын удирдлагууд, нийслэлийн Нийтийн тээврийн газар дэмжиж ажиллахад л хангалттай. Технологийнх нь асуудлыг  бэлэн шийдээд өгчихсөн байна шүү. Замын түгжрэлийг бууруулах арга олчихлоо, ХОТЫН ДАРГАА.

Т.БЭХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж