-Тэгж хэлэхэд хэцүү. Онц байдал зарласан, зарласнаас хойш тараах үүрэг авсан тэр хугацаатай л давхцаж байгаа юм. Онц байдал зарлахаас өмнө иргэд рүү гал нээсэн зүйл байхгүй.
-Цагдаагийн удирдлагууд тухайн үед байлдааны сум хэрэглээгүй, байгаа ч үгүй гэж мэлзсэн. Харин танай мөрдөн байцаалтаар байлдааны сум байсан төдийгүй өгсөн нь тогтоогдсон шүү дээ. Тэдэн шиг хариуцлагатай албан тушаалтнууд худал мэдүүлэг өгч болдог юм уу?
-Хамаагүй худлаа яриад байж болохгүй л дээ. Гэхдээ тэр хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүд юу ч ярьж болно. Худлаа ярьсан байсан ч түүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Харин гэрч, хохирогч зориуд санаатай худал мэдүүлээд байгаа бол хариуцлага хүлээдэг. Гэхдээ шалгалтаар галт зэвсэг хэрэглэсэн, тэр нь гадных биш цагдаагийнхнын хүрээнд хэрэглэсэн юм байна гэдэг нь тогтоогдсон. Шинжээчид ч баталсан.
-Хохирогчдын амийг хөнөөсөн сум аль цагдаагийн буунд байсан нь тогтоогдсон уу. Нөгөөтэйгүүр, I эмнэлгийн эмч, сувилагч нар хүмүүсийг зугтаж байхад нь хөөгөөд буудсан гэдэг шүү дээ. Хар, цагаан жийптэй байсан ч гэлцдэг. Тэр машин хэнийх байсан юм бол оо?
-Бүгдтэй нь уулзаж, мэдүүлэг авсан. Хар, цагаан машин гээд ярьж, хөөрдөг. Бид бүх боломжоороо шалгасан. Гэхдээ манайх бол гүйцэтгэх ажил явуулах эрх мэдэлгүй. Уулзаж, байцаалтын аргаар нь тогтоодог.
-Хэрэгтнийг олох гарц байна уу. Энэ хэрэг ер нь цаашаа ямар байдлаар төгсөх бол?
-Өршөөлийн хуульд хамрагдаж байна гэдэг бол эцсийн шийдвэр гарч байна л гэсэн үг л дээ. Хэрэг прокурорт шилжсэн. Бид ингэнэ, тэгнэ гэх нь утгагүй.
-Хохирогч нар гомдол гаргаж болох юм даа?
-Тийм. Тэдэнд гомдол гаргах эрх нь байгаа. Тэгэх ч бололцоотой.
-Хэргийг мөрдөж байхад танайханд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү. Ерөнхийлөгч байсан хүнээс эхлээд өндөр албан тушаалтнууд гээд эрх мэдэлтэй олон хүнийг шалгасан шүү дээ?
-Тэр хүмүүс бидний урдаас дарамт, шахалт үзүүлсэн зүйлгүй. Ирээд хэлэх, ярихаа хэлж л байсан. Дарамт учруулсан зүйл ажиглагдаагүй шүү. Гэхдээ мөрдөн байцаалт явуулахад хүнд байсан. Бид нарыг үүргээ биелүүлсэн хүмүүсийн эсрэг, хууль бусаар хандаж байна гэсэн айхтар уур амьсгалыг олон нийтэд төрүүлж байсан. Цагдаа нарын ар гэрийн холбооноос гадна цагдаа нь иймэрхүү ажилд өөрсдөө хутгалдаад явж байсан ч юм бий. Хууль сахиулагчид хэн нэгэн даргыг өмгөөлөх үйлдэл хийж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байсан. Ер нь ийм юм дахин бүү үзэгдээсэй л гэж залбирахаар л асуудал.
-Хөндлөнгөөс харахад цагдаагийнхан энэ хэргийг нууц хэвээр үлдээхийн тулд зохион байгуулалттайгаар оролцсон юм шиг харагддаг. Хэрэгт яллагдчаар татагдсан хүмүүс бүгдээрээ нэг өмгөөлөгчтэй ч байх шиг. Ингэж болдог юм уу?
-Нэг өмгөөлөгчтэй байна гэдэг байгууллага нь санаа тавьсан хэрэг байх л даа.
-Бас тэд иргэдийг яагаад буудчихав гэдэг их сонин санагддаг. Бухимдсандаа гал нээчихэв үү, эсвэл өгсөн үүргээ гүйцэтгэчихээд нуугаад байна уу гээд л…?
-Өөрсдөө зодуулчихсан, баахан хүмүүс нь бэртэл авчихсан байхад зэвсэг өгөөд иргэдийн өмнөөс явуулах нь сайхан санаа биш. Зодуулсан, бэртсэн хүмүүсийн сэтгэл зүй ямар байх вэ. Тэр үед тэвчээр алдагдаж, зарим тохиолдолд зодуулчихсан хүн хэрхэн хандах вэ гэдгийг сайн бодож зохион байгуулаагүй. Дээр нь хүмүүстээ хяналт тавиагүй. Санаа тавиагүйгээс л болоод хүний амь насыг хөнөөсөн болов уу гэж бид нарт харагддаг.
-Үүрэг өгөөгүй л гээд байдаг?
-Дээрээс үүрэг өгөөгүй гэж цагдаа нар хэлдэг бол дээдчүүд нь гал нээж болохгүй шүү гэсэн гэдэг.
-Гал нээсэн хэргээр шалгагдсан таван цагдаагийн хэрэг шүүхэд шилжсэн болов уу?
-Шүүхэд шилжсэн хүн байхгүй шүү дээ. Буу зэвсэг хэрэглэсэн гэж байгаа хүмүүс чинь Цагдаагийн тухай хуулиар гал зэвсэг хэрэглэх эрхтэй. Хуулиар олгогдсон зургаа, долоон тохиолдлын хүрээнд хүрээнд галт зэвсэг хэрэглэсэн болж таарсан. Гэхдээ санаатайгаар галт зэвсэг хэрэглэсэн гэдгийг тогтооход хүнд. Тэгсэн бол өөр хэрэг. Хэний сум хэний амийг хөнөөснийг ч мэдэх аргагүй. Зарим үед сургалтын сум өгсөн үү, байлдааны сум өгсөн үү гэдгийг ч мэдээгүй гэдэг хүмүүс байдаг.
-Хүний амь хөнөөсөн хүмүүс зүгээр өнгөрч, иргэд хохироод л өнгөрөх нь ээ?
-Түүнээс болгоомжилж цагдаа нартай холбоотой хэргийг нь хүний амийг санаатайгаар хөнөөсөн гэсэн зүйл ангиар явж байсан юм. Гэтэл хуулийн зохих заалтад хамраад ирэхээр хэрэгсэхгүй болгохоос өөр аргагүй болсон.
-Та хэний сум хэний амийг хөнөөснийг ч мэдэх аргагүй гэлээ. Гэтэл үймээнд оролцсон иргэд хэн нь аль цонхыг хагалсан, юуг шатаасныг нь тогтоогоогүй ч ялласан шүү дээ. Уг нь адилхан л байх ёстой биз дээ. Цагдаагийн сум, иргэдийн чулуу хаана туссаныг хэн ч тогтоогоогүй нь адилхан. Гэтэл иргэдийг болохоор ялласан?
-Тэрийг шийдсэн газар нь мэдэж байгаа байх. Хэтэрхий туйлшраагүй байх л даа. Энэ хэргийг мэдэхгүй учраас танд хариулах боломжгүй.
-Яагаад асуугаад байна гэхээр шүүгч, эсвэл прокурорынхон гадны нөлөөнд авсан байж болзошгүй гэж үзээд танайхан шалгаж болох уу?
-Манай харьяаллын биш учраас шалгахгүй. Тэрийг хянадаг шалгадаг газар нь тусдаа шүү дээ. Тийм эрх мэдэл ч байхгүй.
-Цагдаа нарын хэрэг хэрэгсэхгүй болоод л дууссан юм байна, тийм үү?
-Өршөөлд ордог нь ороод, үлдсэн нь гэм буруугүйгээр хуульд заасан хор уршиг учруулах гэсэн хуулийн заалтын дагуу, дээр нь цагдаагийн хуульд заасан эрх үүргээр яллах боломжгүй гэж үзсэн.
-Хэргийг хэрэгсэхгүй болгож, хаасан гэж ойлгож болох уу?
-Болно.
-Сүүлийн асуулт. Ер нь шүүх, прокурорынхон шударга ажиллахгүй байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нийгмийн сэтгэл зүй, янз бүрийн судалгаа, хэвлэлээр гарч байгаа мэдээлэл, бидний шалгаж байгаа зарим хэргээс харахад шударга ажиллаж, хүний эрхийг хөсөрдүүлэхгүй байна гэх боломжгүй. Оргүй хоосон зүйл иргэд яриагүй. Энийг л хуулийнхан дор дорноо судалж үзэх хэрэгтэй.
Л.НАРАНТӨГС. 2010.05.28. NEWS.mn
Холбоотой мэдээ