
Өдөрлөгийн үеэр нийт давхардсан тоогоор 2839 хүнийг үнэ төлбөргүй оношилж, зөвлөгөө өгснөөс ЭХО-гийн шинжилгээг 150 хүнд, судасны оношилгоог 70 хүнд, эрчүүдийн төрөлжсөн мэргэжлийн үзлэгийг 199 хүнд, артерийн даралтаа 980 хүнд, түрүү булчирхайн томролтын сорилыг 100 хүнд, танин мэдэхүйн сорилыг 54 хүнд, биеийн жингийн индексийг 585 хүнд, пульсоксиметрийн хэмжилтийг 85 хүнд, цусан дахь сахарын хэмжээ тогтоолгохоор 209 хүнд, төрөлжсөн мэргэжлийн үзлэгийг нийт 748 хүнд тус тус хийжээ.
Мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ХБНГУ-д үйлдвэрлэсэн рентгэн, ерөнхий мэс засал, шүдний нүүдлийн эмнэлэг ажиллаж, нийт 55 хүнд дүрс оношилгоо, 40 хүнд хэвлийн ЭХО, 50 хүнд шүдний үзлэг, эмчилгээ хийсэн нь эрэлт ихтэй байлаа.
Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн энэхүү нээлттэй өдөрлөг нь Эрүүл мэндийн сайдын 74 тоот тушаалаар батлагдаж жил бүр зохион байгуулагдахаар болжээ. Өдөрлөгийн үеэр байгууллага бүр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө бүхий өөрийн үйл ажиллагаагаа танилцуулсан сургалт, сурталчилгааны материалыг өгч, “Монос” ХХК эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл болон өөрийн компанийн шинэ бүтээгдэхүүнээс тараав.
Уг өдөр хэдийгээр гадаа хүйтэн байсан ч нийт байгууллага, эмч мэргэжилтнүүд, урлагийн тоглолт үзүүлсэн авьяастнууд мөн үзлэг оношлогоо явуулан, халуун аарцаар үйлчилсэн БХЯ-ны харьяа Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлага, хамт олон, иргэд, эрчүүддээ идэвхтэй оролцсонд Эрүүл мэндийн яамны хамт олон чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөсөн байна.
Уг арга хэмжээнд Улсын 1,2,3 дугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, нүүдлийн 3 эмнэлэг гэх мэт Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар, БХЯ-ны харьяа Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, “Монос” ХХК гээд нийт 20 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцсон байна.