Ноён “Итали”-ийн уналт

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Ноён “Итали”-ийн уналт

Силво Берлусконы парламентын сонгуульд ялагдлаа. Угтаа Берлусконы итгэл өмнөх жилүүдийнхээс тодорхой хэмжээгээр суларсан гэхэд болно. Түүн рүү хаягласан олон таагүй мэдээлэл, олон хүүхнүүдтэй холбогдсон тухай мэдээллүүд, олон нийтийн дунд түүний унасан нэр хүнд гээд энэ удаагийн сонгууль бүхэлдээ түүний эсрэг талд байлаа. Барууныхны хэлж байгаагаар олон жилийн улстөрийн амьдрал нь ийнхүү мөхөж байгаа нь энэ аж. Ард түмэн нь ч түүний улстөрийн амьдралыг сөнөөхөд голлох үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ унах болсон гол шалтгаан юунд байв…

Түүнийг бүдэрхэд нөлөө үзүүлсэн зүйлийн нэг нь биелэх боломжгүй амлалтууд. Тэд төсвийг танасанаар эдийн засгийн өсөлтийг түргэтгэнэ гэж үзсэн. Мөн өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа ажилгүйдлийг төрөөс дэмжсэн хөтөлбөрийн үр дүнд бууруулах. Угтаа хагас жилийн дотор ажилгүйчүүдийн тоог 20 гаруй хувиар бууруулах төлөвлөгөөтэй байна. Мөн татварыг огцом бууруулна гэж амласан. Татварын өсөлтийг өөрөө гаргаж ирсэн болохоор би бууруулж чадна гэсэн мессежийг олон нийтэд түгээсэн нь олонхийн дургүйцлийг төрүүлээд амжсан. Учир нь түүнд татварыг бууруулах өчнөөн жил байсан ч тэр тэгээгүй.

Уналтанд нөлөөлсан дараагийн шалтгаан нь үл итгэгчид ихэссэн явдал. Түүнийг алдаатай үйлдэл хийж, биелэгдэхгүй амлалт өгөх болгонд нөгөө талд түүнийг эсэргүүцэгчдийн арми хүрээгээ улам тэлж байлаа. 2008 оноос үл итгэгчдийн нөлөөлөл асар хүчтэй болсон. Олон улсын мэдээллийн хэрэгслүүд түүнийг мөнгө угаасан, хууль бусаар компани байгуулсан зэрэг хууль зөрчсөн олон үйлдэл хийж байсныг онцолж эхэлсэн юм. Тэр болгонд Берлускони эсэргүүцсэн мэдэгдэл хийдэг байсан ч ард түмнийхээ итгэлийг эргүүлэн авч чадаагүй билээ. Угтаа түүний баталсан татварын тухай хууль өөрт нь ашиг авчирсан гэж үзэх хүмүүс ч бий. Хэдийгээр хямралын үед хэрхэн ажиллах талаар цаг тухайд нь ярилцдаг байсан ч төсвөөс танаж, татварын хэмжээг бууруулаагүй бодлогыг нь европийн ихэнх улс шүүмжилдэг билээ.

Буруугүй гэсэн итгэл. Тэрээр өөрийгөө ямар ч алдаа гаргаагүй гэдэгт итгэдэг. Италийн эдийн засгийн өсөлтийг зогсоосон ганц зүйл бол евро бүсийн хямрал. Тэр дундаа Грекэд мөнгө зээлүүлснээс болж ийм байдалд хүрсэн гэж тэр ярих дуртай. Тийм ч учраас төсвөө танаж, татварыг нэмсэн гэх. “Олон нийт хэн нэгэнд бурууг тохох гэж хэт их оролдох юм. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Энэ улсын төлөө өдөр бүр санаа зовж байгаа учраас олон нийт үүнийг хэзээ муулчих бол гээд зүгээр суух юм бол энэ улс улам уналтад орох байсан” гэж Силвио Берлускони ярьж байжээ.

Нэр холбогдсон бүсгүйчүүд. Өдгөө 75 насыг зооглож байгаа энэ хөгшин биеэ үнэлэгчтэй үүсгэсэн дотно харьцаа, бичиж байсан мессеж, мөн нарийн бичгийн даргаар ажилладаг байсан хүмүүстэй харьцаж байсан харьцаа нь олон нийтэд ил болоход нэр хүнд нь огцом унаж эхэллээ. Угтаа түүнтэй нэр холбогдсон бүсгүйчүүдийн тоог гаргана гэдэг бүтэшгүй хэрэг. Мэдээлэл олонд ил болсноос хойш урлаг соёлын одод болоод загварын нэрд гарсан моделиуд хүртэл карьераа өсгөхийн тулд эрхэм ерөнхий сайдтай холбоотой байснаа олонд зарлаж эхлэв. Өөрийнх нь тэргүүлдэг намын эмэгтэй гишүүд ч түүнийг эмэгтэй хүнд “нугасгүй” байсан гэдгийг эхнээсээ баталж байсан юм. Эхнээсээ энэ мэдээллүүдэд няцаалт өгч байсан өвгөн ерөнхий сайд сүүлдээ энэ мэдээллийг нотолж, ямар ч эрэгтэй хүнд ийм асуудал тохиолдох учир хүний ёсноос гажууд үйлдэл биш гэдгийг олонд тайлагнаж эхлэв. Угтаа түүнийг ингэж хэлэх бүрт түүний нэр хүнд гэрлийн хурдаар унаж байсныг санах хэрэгтэй.

Түүнд хаяглах олон таагүй мэдээлэл үүгээр дуусахгүй. 2009 онд болсон парламентын сонгуулийн үеэр өрсөлдөгч намтай санал хуваалцсан болох нь олонд ил болов. Мөн одоогийн ерөнхий сайд Марио Монти руу заналхийлсэн захиа явуулсан гээд дурьдаад байвал олон. Ихэнх улстөрийн ажиглагчид түүнийг дахин улстөрд гарна гэдэгт итгэл муутай байгаа аж. Нас дээр гарсан түүнд дараагийн сонгуульд оролцох боломж байхгүй. Одоо түүний удирддаг Милан багийн тухай асуудалд Италид халуухан сэдвийн нэг болоод байна. Хэрвээ тэр багийн удирдлагаас татгалзвал улаан, харууд шинэ удирдагч хайх хэрэгтэй болно.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж