Н.Алтанхуяг: Инфляци 0,6-1,4 хувиар буурсан

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Инфляци 0,6-1,4 хувиар буурсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Монгол Улсын 2012 оны нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 12,3 хувьтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, нэрлэсэн дүнгээр 13,9 их наяд төгрөгт хүрлээ. Эдийн засаг өсөлт 12,3 хувьтай гаргахад хөдөө аж ахуй, ойн аж ахуй, бөөний болон жижиглэнгийн худалдаа үйлчилгээ, барилгын салбар, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтөд нөлөөлсөн байна. Тухайбал, 2012 онд хөдөө аж ахуй, ойн аж ахуй өмнөх оноос 51,4 хувиар, уул уурхайн олборлолт 11,6 хувиар, бөөний болон жижиглэнгийн худалдаа 27 хувиар тус тус нэмэгдсэн. Монгол Улсын хүн ам 2012 онд 2,1 хувиар өслөө. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1,2 хувиар өсөж, 4,859 мянган төгрөг болсон байна. Үүнийг ам.доллараар хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 3575 ам.доллар болсон гэсэн үг. Үнийн өсөлт, инфляцийн талаар хэдэн зүйл хэлье.

 Өнгөрсөн жилийн урьдчилсан гүйцэтгэлээр инфляци 14 хувьтай гарсан. 2012 оны эхээр инфляцийн түвшин хурдацтай өсөж, дөрөвдүгээр сар гэхэд 16 хувьд хүрчихсэн байсан. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө тараасан, бусад бодлогын арга хэмжээнээс үүдэлтэйгээр инфляци эхний саруудад өндөр хэмжээнд хүрсэн байгаа юм. Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-нд байгуулагдаад, бидний авч хэрэгжүүлсэн бодлогын гол арга хэмжээний нэг бол инфляцийг хазаарлан барих, чадвал бууруулах байсан. Тийм учраас аравдугаар сарын 22-нд Монголбанктай гэрээ байгуулаад гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамран хэрэгжүүлэх, харилцан ойголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний хүрээнд дөрвөн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна.  Үүний үндсэн дээр ес, арав, арванхоёрдугаар сард инфляци өмнөх үеэс 0,6-1,4 хувиар буурсан байгаа юм. Тэгэхээр оны эцэст инфляцийг 14 хувьтай болгосон нь хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнд хүрч байгаа нь харагдаж байна. Хэрвээ энэ арга хэмжээг аваагүй бол инфляци 19 хувьтай гарах  байсан.

Шатахууны жижиглэнгийн худалдааг тогторжуулах хөтөлбөрийн хүрээнд 11 компанид 94 тэрбум төгрөгийн зээл олгож, 67 сая ам.долларын форвард хэлцлийг хийснээр ханшийн  өсөлтийг бууруулсан. Хэрвээ бид энэ арга хэмжээг хэрэгжүүлээгүй байсан бол бензиний үнэ 200 гаруй төгрөгөөр нэмэгдэх байсныг 50 орчим төгрөгийн нэмэгдэлд хүргэсэн. 0,6 хувийн хүүтэй зээлээс болж орон сууцны салбар, Засгийн газар дээр нэлээд ачаалал үүссэн. Манай иргэд 0,6 хувийн хүүтэй зээл авна гэсэн горьдлого нь өнөөдөр ч байгаа. Гэтэл энэ бодлогыг цааш үргэжлүүлэхэд 0,6 хувийн хүүнээс болж метр квадратын үнэ маш их өссөн” гэсэн мэдээллийг өглөө.

Одоо УИХ-ын гишүүд Ерөний сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж