Өвөлжилт хүндэрсэн газруудад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шуурхай хурал өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. Эрүүл мэндийн дэд сайдын ахлан явуулсан тус хуралд Онцгой байдлын ерөнхий газрын Халдварт өвчинтэй тэмцэх асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрмаа ирж мэдээлэл өгсөн юм. Манай оронд одоогийн байдлаар 12 аймгийн 48 суманд өвөлжилтийн байдал хүндэрсэн бөгөөд зам, даваа хаагдсаны улмаас 3000 гаруй малчид эмнэлгийн туслалцаа авах боломжгүй байдалд хүрсэн байна. Мөн сумдын эмнэлгүүд 2-3-хан хоногийн эмийн нөөцтэй байгаа аж. Үүнээс гадна Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон бусад аймгийн таван сумын эмнэлэг халаалтгүй, айлуудын халаагуур гуйж тавьж байгаа гэдгийг ч хэлсэн юм.
Дээрх асуудлаар нарийвчлан судалгаа хийж, Улсын онцгой байдлын комиссын хуралд оруулахаар болов.
Т.ДАРХАН