Сувилагч буцалсан усаа сэлбэхээ мартжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Сувилагч буцалсан усаа сэлбэхээ мартжээ

Баянхонгор аймагт өнгөрөгч оны 29-ний өдөр сувилагч дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усанд түлсэн хэрэг гарсан билээ. Бяцхан хүүхдийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн эмнэлгийн сэхээний тасагт авчирч, эмчилж байгаад өнөөдөр өглөө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлэн эмчилж буй. Бид нярайн биеийн байдлын талаар тодруулахаар Түлэнхийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баттөгстэй уулзсан юм.

Дөнгөж төрөөд түлэгдсэн нярайг дөрөв хоногийн дараа нийслэлд авчирсан. Нярай биеийнх нь 60 хувь нь түлэгдэлтэй, түлэнхийн 3-р зэрэгтэй анх хүргэгдэн ирсэн гэж дэд захирал Б.Баттөгс хэллээ. Нярай хүүхдийн биед арьсны бүрэн давхарга үүсээгүй байдаг нь цаашид гарах хүндрэлийг улам нэмэгдүүлнэ гэж тэрээр хэлсэн. Нярай 3900 грамм, эрүүл саруул төрсөн ч хариуцлагагүй сувилагчийн буруугаас болж одоо өвчиндөө  шаналан хэвтэж байна.

Албаны хүний хэлснээр Баянхонгор аймагт халуун хүйтэн ус тасарсан байснаас нярайг угаахдаа ус буцалган хүйтэн усаар сэлбэж хэрэглэж байсан аж. Харин сувилагч хүүхдийг угаахдаа буцламгай усаа хүйтэн усаар сэлбэхээ мартсан байж магадгүй гэнэ. Хүүхдийн эх хүндрэлтэй төрсөн, одоо ч эмчилгээ хийх шаардлагатай байгаа учраас эх, үр хоёрыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлэн эмчлэхээр болсон байна. Хэдийгээр эмчлэх эмнэлгийг шилжүүлсэн ч Түлэнхийн эмнэлгээс тусгай эмч нар очиж бусад эмчилгээг хийж байхаар болжээ. Харин эмийн болон бусад эрчимт эмчилгээг улсдаа ганц байдаг Эх хүүхдийн эрүүл мэндмйн төвд хийхээр шийдвэрлэсэн байна. Мөн ЭМЯ-ны зүгээс Баянхонгор аймгийн Засаг даргад албан бичиг явуулахаар болжээ. Учир нь аймгуудын Эрүүл мэндийн төв нь ЗДТГ-ынхаа харьяа байдаг гэнэ. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал нярайн ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйхаар болж, мэргэжлийн алдаа гаргасан сувилагчийг яамныхаа Ёс зүйн хороогоор авч хэлэлцэхээр болсон байна.   

Т.ДАРХАН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж