-Цахилгаан дулааны үнийг удахгүй нэмнэ гэж үнэн үү? Хэдэн хувиар нэмэх бол?
-Эрчим хүч, дулаан дамжуулах болон түгээх компаниуд өөрсдөө тооцоогоо хийж үнэ нэмэх санал гаргасан. Дулааныг 20 хувь, эрчим хүчийг 15 хувиар нэмэх хэрэгтэй гэдгээ хэлсэн. Үнэндээ бол үнийг үүнээс илүү нэмэх шаардлагатай байгаа ч бид хоорондоо харилцан зөвшилцөөд, эхний ээлжинд 15-20 хувиар нэмэх нь зүйтэй гэдэг дээр тогтсон.
УИХ-ын 72-р тогтоолоор бол эрчим хүчний үнийг шат дараатай нэмэгдүүлж, 2014 оны эцэс гэхэд эрчим хүчний салбар алдагдалгүй болох ёстой. Энэ тогтоолыг Засгийн газрын байгуулагууд хэрэгжүүлэх ёстой. Үүний хүрээнд л бид ийм зохицуулалт хийж байна. 2012 онд бид үнэ өөрчилж чадаагүй. Сонгууль болсон, нөгөө талаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/-аас зөвшөөрөл нь гарахгүй байсаар энэ асуудал шийдэгдэхгүй өнгөрөх гэж байна.
Хэрвээ ШӨХТГ зөвшөөрөл өгөхгүй, бид өөрсдөө үнээ нэмчих юм бол Өрсөлдөөний хууль зөрчсөн болоод эргээд торгуулах учраас төрийн байгуулагууд хоорондоо уялдаатай ажиллах зарчим баримтлаж хүлээцтэй ажиллаж байна.
-Хэрвээ ШӨХТГ зөвшөөрөл олгонгуут л үнэ нэмэгдэх юм уу?
-ШӨХТГ зөвшөөрвөл 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс үнэ тарифт өөрчлөлт орно. Цахилгаан дунджаар 1000 орчим төгрөг, дулаан бол өвлийн халаалтын үед 6000 орчим төгрөг нэмэгдэнэ. Цахилгаан нэмэгдэхээр суурь бүтээгдэхүүн талх, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж олон нийт айдаг. Үүн дээр бид тооцоо хийж үзсэн, жишээ нь дээр дурдсан байдлаар цахилгаан, дулааны үнийг нэмлээ гэхэд Атар талх 6 төгрөгөөр нэмэгдэх өөрчлөлт гарна. Дундаж хэрэглээтэй айл өрхүүд тайван байж болно. Цахилгааны хэрэглээ 150 киловатаас дээш гарах юм бол нэмэгдсэн үнээр төлнө. 150 килловат бол ердийн айлуудын хэрэглээнээс бага зэрэг их хэмжээ. Ерөнхийдөө аж ахуй нэгжүүдийн цахилгааны үнэ тарифт өөрчлөлт орно. ШӨХТГ зөвшөөрч баталбал шүү дээ.
Цахилгаан дулааны үнэ нэмэгдэхэд төмөр замын нүүрс тээвэрлэлт болон нүүрсний уурхайнуудын алдагдал багасах давхар ач холбогдолтой. Нэмэгдсэн үний 60 хувь төмөр зам, нүүрсний уурхайнуудад очиж, гурван үйлдвэрлэлийн алдагдал багасч, асуудлаа шийдүүлнэ гэсэн үг. Одоо бол Эрчим хүчний зориулалттай уурхайнууд жилд 15 тэрбум төгрөгийн, төмөр замын нүүрс тээвэрлэлт 10 тэрбумын алдагдалтай ажиллаж байна.
-Үнэ нэмэх ямар бодит шаардлага байна вэ?
Эрчим хүчний салбар 2012 онд 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн учраас дулаан цахилгаан станц болон түгээх дамжуулах компаниуд үнэ нэмэх санал тавиад удаж байна. Үнээ нэмж, зохицуулалт хийхийн тулд манайхаас Эрчим хүчний хууль, Шударга өрсөлдөөний хуульд заасны дагуу ШӨХТГ-тай зохицож, зөвшөөрөл авах ёстой байдаг.
Эрчим хүчний зохицуулах хороо энэ оны эхээр хоёрдугаар сард ШӨХТГ-т асуудлаа тавьсан. Мөн тавдугаар сард албан тоот явуулсан. Арваннэгдүгээр сарын 2-нд би О.Магнай даргатай уулзаж, бидний асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэж хэлсэн. ШӨХТГ-ийн зөвлөлийн бүрэлдэхүүн хараахан шийдэгдээгүй, зөвлөл нь бүрдэхээр авч хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авна гэсэн хариу өгсөн.
-Цахилгаан дулааны үйлдвэрлэлийн өртөг зардал үнэсээ өндөр учраас алдагдалд орсон гэж ойлгож болох уу?
-Манайд Цахилгаан дулааны өртөг болон дамжуулан түгээх өртөг нь хэрэглэгчийн үнээс харьцангуй доогуур байдаг. Нэг г.кал дулаан 25000 мянган төгрөгийн өртөгтэй атал хэрэглэгчдэд 13000 мянган төгрөгөөр зарж байна. Үнийг яагаад нэмдэггүй гэхээр хэрэглэгчдэд огцом үнийн дарамт үзүүлэхгүйгээр үе шаттай нэмэх бодлого барьдаг. Бид нэг киловатт дулааныг 130 төгрөг, цахилгааныг 80 төгрөгөөр зардаг. Энэ зөрүү алдагдал болж байгаа юм.