Ёшихико Нода дээд танхимын гишүүдээс зэмлэл хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Ёшихико Нода дээд танхимын гишүүдээс зэмлэл хүртэв

Учир нь тэрбээр өнгөрсөн баасан гарагт парламентын доод танхимыг тараах шийдвэр гаргаж, хугацаанаас нь өмнө сонгууль явуулах талаар олон нийтэд мэдэгдсэн билээ. Түүний хэлснээр Японы парламентын доод танхимын сонгууль ирэх сарын 16-нд болох аж. Ажиглагчдын үзэж буйгаар түүний энэ шийдвэр эрх баригч Ардчилсан намыг засгийн эрхээс огцруулах гэсэн сөрөг хүчнийхний  шахалттай холбоотой байх магадлалтай гэдгийг онцолсон. Харин хугацаанаас өмнө болох сонгуулийн  кампанит ажлыг ирэх сарын 4-өөс эхлүүлэх юм байна. Харин өчигдрөөс эхлэн хугацаанаасаа өмнө болох сонгуулийн кампанит ажил аль хэдийнэ эхэлсэн талаар “NHK” мэдээллэв.

Тус улсын парламентын дээд доод танхимын гол ялгаа нь “Зөв­лөхүүдийн болон төлөөлөгчийн” гэж ангилагддаг. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ёшихико Нода сөрөг хүчнийхэн татварыг нэмэг­дүүлэх гэх зэрэг гол хуулийн төслүүдийг шинэ парламентад дэмжихийг зөвшөөрсний дараа ийнхүү хугацаанаас өмнө сонгууль явуулахаар болсон байна. Тэрбээр хамгийн их шүүмжлэлийг эрх баригч Ардчилсан намынхнаас хүртээд байгаа. Японы “Киодо” агентлагийн үзэж буйгаар тус улсын Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргахын өмнө доод танхимын сонгуулийг шинэ журмаар явуулах асуудлаар хэд хэдэн удаагийн санал солилцох уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ардчилсан намаас шүүмжлэлд өртсөн Ерөнхий сайдын Засгийн газрыг шүүмжлэгчид нэмэгдсээр байгаа аж. Жишээ нь “Шинэ Засгийн газрын үйл ажиллагаанд таны сэтгэл ханамж” гэсэн олон нийтийн санал асуулгаар түүний Засгийн газрыг дэмжигчдийн тоо 25 хувиар буурсан байна. Мөн түүний үйл ажиллагаа, Засгийн газрыг 18 хувь дэмжсэн бол 30 гаруй хувь нь “доод танхимыг тараасан шийдвэр буруу байсан. Сөрөг хүчний Либерал ардчилсан намын дарга Шинзо Абегийн бодлого зөв” гэсэн байр суурь дээр санал нэгджээ. Либерал ардчилсан намын хувьд сүүлийн 50 гаруй жилийн турш Японы парламентыг тэргүүлж байсан цорын ганц хүчтэй нам бөгөөд 2009 оны парламентын доод танхимын сонгуульд одоогийн Ардчилсан намд илт давуу байдлаар ялагдал хүлээж байсан түүхтэй. Харамсалтай нь сүүлийн гурван жилийн хугацаанд эрх баригч нам өөрийн амлалтууд, мөрийн хөтөлбөрүүдээ төдийлөн биелүүлж чадалгүй байсаар нэр төрөө алдаад байгаа билээ. Тэр ч үүднээс парламентын доод танхимын сонгууль ирэх зунаас өмнө болох учиртай байсан. Гэвч Ерөнхий сайд ийнхүү ирэх сард хийхээр төлөвлөсөн нь шүүмжлэлийн бай болоод буй.

Японы Ерөнхий сайд Ёшихико Нода доод парламентыг тарааж, хугацаанаас өмнө сонгууль зарла­сантай холбогдуулж хэвлэлийн бага хурлын үеэр “Манай улсын хувьд сайн улстөрч, сөрөг хүчний нөөц боломж их бий. Парламентын доод танхим тараасан хэдий ч шинэ парламентын сонгуулийн товыг гаргалаа. Албан ёсоор сонгуулийн кампанит ажил ирэх сарын 4-өөс эхлэх байсан ч яг одооноос бэлтгэл ажилдаа орж байгаа талаар зарим эх сурвалж онцолсоор байна. Шинэ парламентын үйл ажиллагаа, бодлого гэх мэт бүхий л зүйл эрх баригч намтай холбоотой байх болтугай. Эрх баригч намыг ард түмэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.   

Өнгөрсөн сарын 24-нд болсон Японы нэгэн сайдын шуугиан Ерөнхий сайдыг одоо хүртэл шүүмжлэлийн бай болгосон хэвээр байгаа аж. Учир шалтгаангүй Ерөнхий сайдын өмнөх үйл явдалтай нь холбон одоогийн гаргасан шийдвэрүүдийг сөрөг хүчнийхэн эсэргүүцэх болжээ. Жишээ нь, Японы дээрмийн бүлэгтэй холбоотой сайдыг огцруулсан нь сөрөг хүчний зүгээс “Аливаа шийдвэрт түрэмгий ханддаг нь одоогийн Ерөнхий сайдын сул тал. Аливаа нэг улс төрийн хүчинтэй зөвлөлдөхгүй өөрийн шийдвэрээ гаргадаг нь буруу” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Японы Хууль зүйн сайд 74 настай Кейшу Танака якуза нартай холбоотой хэргээр өнгөрсөн сард албан тушаалаасаа огцорсон. Түүнийг огцроход Ерөнхий сайдын нөлөө байсан гэдгийг хэвлэлээр онцолж байсан удаатай. Хууль зүйн сайд асан уг нь өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдөр сайдаар томилогдсон. Гэвч Ерөнхий сайд Ёшихико Нодагийн Засгийн газрын сайд нарын тал хувийг өөрчилсөн шийдвэрийн хүрээнд энэ албан тушаалд сонгогдсон Кейшу Танака “Эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаа хүлээлгэн өгч байна” гэсэн худал шалтгааныг ард түмэнд ойлгуулсан аж. Тухайн үед хэвлэлээр “Кейшу Танака якуза нартай холбоотой гэх дуулиант хэргийн дунд ийм шийдвэр гаргаж байгаа ба зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгтэй холбоотой гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв. Сайдын суудлаас хэдхэн хоноод огцорсон Кейшу Танака хэвлэлээр гарсан мэдээллийн дагуу, Ерөнхий сайдын хэлсэн худал шалтгааны улмаас гарцаагүй байдлаас  эмнэлэгт хэвтжээ. Тухайн үед түүний туслах, эмнэлгийн эмч нар “Цээжээр нь өвдсөн. Эрүүл мэндэд нь халгаатай байдал үүссэн. Эмчлэх шаардлагатай” гэж хэлсэн.  Харин удалгүй Хууль зүйн сайд асан Кейшу Танака олны өмнө эрүүл явж байхыг хэвлэлүүд онцолсон. Тэрбээр энэ удаагийн Ерөнхий сайдын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа ч олны өмнө илэрхийлсэн талаар зарим эх сурвалж цохон тэмдэглэжээ.

Магадгүй Ерөнхий сайд өөрийн байр сууриндаа баттай байхын тулд, эсвэл өөрийн болон намын нэр төрөө хамгаалахын аливаа асуудлаас зайлсхийхийн тулд огцом шийдвэрүүдийг гаргаж бай­гаа бололтой.  Ямартай ч Японы Ерөнхий сайд Ёшихико Нода өөрийн гаргасан шийдвэртээ олон түмнийг зөвөөр хүлээж авахыг хүсээд эрх баригч намыг дэмжихийг уриаллаа. Энэ нь түүний нэр төрийг бага зэрэг унагах бас нэгэн шалтгаан болж буйг “BBC” агентлаг онцолсон юм.    

Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж