БНСУ-д амьдарч байгаа монголчууддаа хэрхэн анхаарал хандуулж буй талаар Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайванаас зарим зүйлийг тодрууллаа.
-Гадны оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Гадаадад тэр дундаа Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа аюулгүй байдлыг хангахын тулд Гадаад харилцааны яам, Консулын газраас юу хийж байна вэ?
-Өнөөдөр БНСУ-д 30 монгол иргэн амьдарч байгаа. Гадаад харилцааны яам, Консулын газар болон тус улсад суугаа манай улсын ЭСЯ тэдгээр иргэнийхээ амь нас, эрх ашгийн төлөө сайн ажиллаж байгаа. Өмнөд Солонгос улсад хууль ёсоор ажиллаж, сурч сайн сайхан яваа олон монгол хүн бий. Нөгөөтэйгүүр тус улсын хууль дүрмийг зөрчин гэмт хэрэг, осол аваарт өртөж улмаар амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Бидний хувьд ямар ч тохиолдолд Монгол Улсын иргэн гэдэг үүднээс хандан, хэрэгт холбогдсон бол шүүх хуралд оролцох, ял эдэлж буй иргэдээ эргэх, мөн тус орны хууль хяналтын байгууллагатай харилцан уялдаатай ажиллаж байгаа. Эдгээр иргэнд зориулж ГХЯ-ны дэргэдэх Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас тодорхой хэмжээний зардлыг гаргасан.
-Өмнөд Солонгос улсын цагаачлалын албаны байранд амь үрэгдсэн талийгаач Х.Амарбаясгалангийн эхнэр Т.Золжаргал “Консулын газар болон манай улсаас Өмнөд Солонгос улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд нөхрийн маань үхлийн шалтгааныг тодруулахын тулд дорвитой алхам хийгээгүй” гэж ярьсан. Мөн Өнмөд Солонгос улсад амьдарч байгаа иргэд ЭСЯ-ны гадаа энэ явдлыг эсэргүүцэж жагсаал хийсэн гэсэн. Яагаад гадаадад байгаа иргэдээ хайхрахгүй байгаа юм бэ?
-Манай улсын иргэн Халзангийн Амарбаясгалан өнгөрсөн наймдугаар сард тус улсын цагаачлалын албаны байранд хоригдож байгаад нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Х.Амарбаясгалан 2006 онд БНСУ-ын Улсан хотын Эмжэ аж үйлдвэр, механикийн үйлдвэрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад, 2008 оны арванхоёрдугаар сард гэрээ нь дуусч эх орондоо буцах байсан ч Сөүл хотод хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаад баригдсан юм билээ. Консулын газраас талийгаачийн ар гэрийнхэнтэй яаралтай холбоо тогтоож эхнэр Т.Золжаргал, ах Х.Цэнд-Аюуш нарын дөрвөн хүнийг БНСУ явахад тусалсан. Мөн Өмнөд Солонгос улсад суугаа ЭСЯ-наас уг хэргийн үнэн мөнийг олохын тус улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажилласан байгаа. Энэ хүрээнд талийгаачийн ар гэрийнхнийг байлцуулан Консулын хэлтсээс гурван талын уулзалт зохион байгуулсан. Мөн ар гэрийнхэнд нь өмгөөлөгч авч өгч байсан. Мөн ар гэрийнхэнд нь хэргийн явцын талаар байнга мэдээлж байгаа.
-Х.Амарбаясгалангийн үхлийн шалтгаан тодорхой болоогүй л байна. Т.Золжаргал “Өмнөд Солон-госын цагаачлалын албаныхан миний нөхрийн аминд хүрсэн” гэж ярьсан байгаа. Ер нь энэ хэрэг юу болж байгаа бол?
-Энэ асуудлыг Өмнөд Солонголын талд тавьсан байгаа.
-Задлан шинжилгээний хариу юу гэж гарсан юм бол?
-Задлан шинжилгээний хариуг гэрийнхэнд нь өгсөн байгаа. Хувь хүний нууц учраас хэлэх боломжгүй.
-Эхнэр нь гомдолтой байгаа, Өмнөд Солонгос улсын хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн гэсэн. тус улсын талаас ямар нэг хариу ирүүлсэн үү?
-Одоогийн байдлаар хариу ирүүлээгүй байна. Ямартай ч Т.Золжаргалын дахин гаргасан өргөдлийг Өмнөд Солонгосын Хууль зүйн яаманд болон Үндэсний ассемблейн гишүүн Ли Жасминд дахин хүргүүлээд байгаа. Талийгаач Х.Амарбаясгалангийн чандрыг эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулж, зардлыг нь Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас гаргасан.