![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/9987784ecc615086/d05320c775cce932original.jpg)
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд оюутны хотхон барихад шаардагдах дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зургаан тэрбум гаруй төгрөг тусгасан байсан аж. Гэвч зураг төсөл нь хийгдээгүй байгаа учраас хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдах нь тодорхойгүй байна. Тиймээс 4.1 тэрбумыг нь хасч хоёр тэрбумыг үлдээе. Эхний ажил хийгдээд явахаар хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдах нь тодорхой болно гэж үзжээ.
Түүнчлэн телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 3.3 тэрбум төгрөгөөр бууруулах санал дэмжигдсэний зэрэгцээ цахим засаглалын мэдээллийн санг өргөжүүлэхэд шаарагдах зардлыг 333 сая төгрөгөөр бууруулах санал ч гишүүдээс дэмжлэг авав. Мөн Паспортын хяналтын нэгдсэн сүлжээ бий болгох төслийг 400 сая төгрөгөөр бууруулах санал гишүүдийн 73.1 хувийн саналаар дэмжлэг хүлээж батлагдсан бол аймаг, сумдыг хамарсан өндөр хурдын мэдээллийн хурдын сүлжээ байгуулах төслийг 4.7 тэрбум төгрөгөөр бууруулах санал дэмжлэг хүлээлээ.
Хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах хүрээнд танагдсан бас нэг заалт нь газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан сэргийлэх/бүх хэрэгслээр мэдээлэл өгөх төсөл/-д шаардагдах зардлыг 2.3 тэрбум төгрөгөөр бууруулах тухай байлаа. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлт болох бол гамшиг болохоос нэг минутын өмнө амжиж бүх мэдээллийг ашиглаж иргэдэд мэдээлэл хүргэх тухай төхөөрөмжтэй холбоотой зардал байсан юм.
Ажлын хэсгийн ахлагчийн тайлбарласнаар эл асуудал нь Онцгой байдлын ерөнхий газарт тавигдсан хөрөнгө оруулалттай нэрнийхээ хувьд давхацсан тул хасах саналыг ажлын төвшинд гаргасан хэмээн тайлбарласан юм. Санал хураалт үргэлжилж байна.