Сэргээш, сонгууль, төсөв бас мэтгэлцээн

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Сэргээш, сонгууль, төсөв бас мэтгэлцээн

News.mn өнөөдрийн үйл явдлыг товч тоймлон хүргэж байна.

Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нараас авсан шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн мэдээ зарим хүний урмыг хугалсан бас хамгийн их шуугиан дэгдээсэн энэ өдрийн гол сэдэв болж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, хоёр бөхөд ямар хариуцлага хүлээлгэх талаар санал гаргана. Сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давааг нь хүчингүй болгож, тухайн бөхийн цол чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах хуулийн заалт бий. 

Бөхчүүдийн тухай шуугиж байх хооронд Дэлхийн банкны Монгол дахь оффист Монгол улс “Бизнес эрхлэх нь 2013” судалгаагаар 76-д бичигдэж жилийн дотор 12 орноор урагшилсан таатай мэдээг танилцуулж байсан юм. 2012 судалгаанд Монгол Улс 183 орноос 88-д орж байсан бол ийнхүү нэг жилийн дотор 12 орноор урагшлаад байна.

Нийслэлийн иргэдийн хувьд хамгийн чухал асуудал болоод байгаа автобус, тролейбусыг нэгдүгээр эгнээгээр явуулж, автомашинуудыг дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулах туршилтыг өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдсэн юм. Гэхдээ энэ туршилтыг 25-ны пүрэв гаригт болох Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, эцсийн байдлаар шийдэх юм. Хэрвээ та асуудлаар дуу хоолойгоо илэрхийлэхийг хүсвэл 1200 дугаарт залгаж, саналаа хэлээрэй

УИХ-ын сонгуулиар Увс аймагт мөнгө тараасан МАН-аас нэр дэвшигчдэд холбогдох хэргийг ТЕГ шалгаж дууссан прокурорт шилжүүлэхээр боллоо. УИХ-ын референтээр ажиллаж байсан Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох болон бусад мөнгө тараасан хүмүүс иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тарааснаа хүлээснийг эх сурвалжууд манайд мэдээлсэн юм.

Монголд сэргээш, сонгууль, төсвийн төсөл яриад завгүй байх хооронд дэлхий нийтээр Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд хэн ялсныг тал талаас ярилцаж байлаа. Сонгуулийн өмнөх гурван цуврал мэтгэлцээний сүүлийнхэд Барак Обамаг 2:1-ийн харьцаагаар ялалт байгуулсан гэж үзэж байна.
Обама өөрийн гадаад харилцааны бодлогыг хамгаалж, бүгд найрамдахчуудын бодлого дахиад хүйтэн дайн руу хөтлөх аюултай гэдгийг ч сануулж байжээ.

News.mn сайтын хүндэт уншигч таны маргаашийн өдөр амжилтаар дүүрэн байх болтугай.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж