Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Цирк доторх бизнес

Монголд цөөхөн соёл, спортын газрууд хатуугаар хэлбэл халдлагад өртөж байна. Та ч гэсэн одоо шилжилтийн үеийн шуурганд өртөн дэлгүүр худалдааны төв болсон соёл урлагийн газруудыг хуруу даран тоолж, санагалзаж байгаа байх. Социализмын гэх үед бүтээн байгуулсан соёлын төвүүд, кинотеатр, номын сан, усан бассейн тэргүүтнүүд өнөөдөр алга болсон. Цаг хугацааны эрхээр зарим нь эргэж сэргэж байгаа ч бас олзуурхан тэмдэглэхгүй байх аргагүй. Гэхдээ өнөөдөр ч соёл урлагийн байгууллага, барилга байгууламжийг худалдаа, үйлчилгээний газар болгож хувьчилж, худалдаж, нурааж өөрчлөх тухай яригдсаар, иргэд ч соёл, спортын газруудыг зориулалтаар нь бус арилжааны тал руу ашиглахыг эсэргүүцэн шүүмжилж байгаа.

 Монголдоо ганцхан музейн зориулалтаар баригдсан Лениний музей гэхэд сан хөмрөг нь ч хаана байгаа нь мэдэгдэхгүй, түрээсийн байгууллагуудын элдэв зар энэ тэндээ наасан арилжааны байр болоод улмаар нурааж, өөрчлөх гэж байгаа гэсэн асуудал дэгдсэн.  Гэтэл энэ талаар мэдэх хүн байхгүй соёл урлагийн яамныханд нь ч хариулт олдохгүй, МАН-ын өмчлөлийн гэх тодотголтой энэ байрыг үнэн хэрэгтээ хэний эзэмшилд байдаг нь ч, эзэн холбогдогч нь ч тодорхойгүй байгаа.

Хүмүүсийн сайн мэдэх бас нэгэн нэг жишээ бол 220 хүний суудалтай цирк. Мөн л Монголдоо ганц бөмбөгөр циркийн барилгыг 2007 онд хувьчилснаас хойш ганц нэг тоглолт хийснийг эс тооцвол өнөөдөр нам жим болон сураг алдарсан. Харин циркийн худалдааны төв болгох нь, худалдах нь гэхчилэн яриа үе үе дэгдсээр. Үнэхээр ч хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн яармаг, хувцас хэрэгслийн өргөтгөсөн худалдаа үе үе дэлгэхээс өөр чимээ сонсогдохгүй болохоор энэхүү хардлага ч ортой мэт санагдахаар. Өнөөдөр л гэхэд циркт гар утасны  худалдаа эрхлэх лангуу түрээсэлнэ гэсэн зар нисч явна. Циркийн хойд хаалганд лангуу түрээсэлнэ гэсэн томоо зарлал наасан байна. Энэхүү зарыг харсан хүмүүс улсдаа ганц циркийнхээ байрыг гар утасны лангуу болгох ч гэж дээ хэмээн халаглаж байна. 

Бага байхдаа цирк үзнэ гэж хөөрөлхөн шахцалдан дугаарлан ордог, тоглолтын завсарлагаанаар хүүхдүүд хөөрөлхөн гүйлдэж, хөшигний цаанаас хөгжимчдийн хөг нийлүүлэх, циркийн нохой бар тэргүүтний хуцах архирах чимээ бүдэгхэн сонсогддог байсан зааланд өнөөдөр шилэн лангуунуудад гар утас жирийлгэн худалдаж байгаа харагдах. Зарим лангуу нь хоосон байгаа нь мөнөөх зарын дагуу ирэх эзнээ хүлээж байгаа бололтой.

Энд байгаа хүмүүсийн яриагаар бол циркийн нэгдүгээр давхрын 1200 м/кв талбайд гар утас худалдаалах юм байна. Циркээс та зөвхөн гар утасны худалдааг сонирхохгүй ээ, компьютерийн хэрэгслийг урд хэсэгт тусад нь худалдаалж байна.

Монголын соёл урлагийн алтан шигтгээнүүдийн нэг болсон циркт яагаад ингэж худалдаа наймаа эрхлэх болсон талаар холбогдох хүмүүстэй нь уулзаж, ярилцлаа. Хувийн эзэмшлийн болсон циркт ажил, амьдралаа зориулж буй хүмүүсийн, цаашдаа энэ газрын оршин байх үндсийг санхүүгийн хувьд бэхжүүлэхийн тулд ийн худалдаа эрхлэхээс өөр аргагүй болсон гэж циркийн ажилтан ярилаа. Төрийн өмч байсан цирк 2007 онд хувьчлагдсанаас хойш цаашдаа үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болсон гэнэ. Наад зах нь тоглолтын тайз, циркийн амьтдын байрны халаалт, засвар гээд бүхнийг төрийн оролцоогүйгээр шийдэх болсон. Тиймээс ч нийтдээ хоёр тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж байна. Цаашдаа ч барилгыг засварлах шаардлагатай байгаа учир худалдаа үйлчилгээ эрхлэхээс аргагүй болсон гэж холбогдох албаныхан тайлбарлав. Хэтдээ цирктээ соёл, урлаг, нийгмийн болон залууст хандсан бүхий л үйл явдал, арга хэмжээг хамтран зохион байгуулах боломжтой гэнэ.  Жишээ нь залуусыг цуглуулсан шоу, арга хэмжээ ч болно гэнэ шүү.

Харин циркийн  уран бүтээлчид хаачсан бэ? Бүгд тарж бутраад алга болчихсон юм биш биз? Эднийхний тайлбарласнаар бол уран бүтээлчид хэвийн бэлтгэл сургуулилттай хийж байгаа гэнэ. Цирк одоо тус бүрдээ тодорхой тооны уран бүтээлч бүхий уран бүтээлийн 16 багтай. Одоогоор дөрвөн баг нь гадаадад тоглолтоо хийж бусад нь эндээ  бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм байна. Мөн тэд ирэх арваннэгдүгээр сард Италид болох циркчдийн олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа аж. 

Монголын шинэ үеийн циркийн үүх түүх 1935 онд ОХУ-ын циркчид Монголд ирж тоглож байснаас улбаатай юм байна. Анх орос ах нараа урин тоглолт хийлгэж байснаас үүдэн Монгол циркийг үндэслэгч, Гавьяат жүжигчин  Ж.Раднаабазар  Маршал Чойбалсанд цирк байгуулах тухай  санал гаргаж байжээ. Энэ саналыг гаргаснаас хойш хоёр жилийн дараа ОХУ-д циркчдээ бэлтгэж эхлэн 1941 оны долдугаар сарын 9-нд Улс хувьсгалын ойг угтаж, Яармагийн дэнжид циркийн анхны нээлтийг хийж байжээ. Монголын циркийн оргил үеийг 1950-1980 он гэж хэлж болох. Монголдоо циркийн уран бүтээлчдээ бэлтгэн, тасралтгүй тоглолтоо хийж, гадаадын улс орнуудад ч гайхуулж байсан үе. Энэ үеийнхний хүүхэд насны дурсамжид цирк том байр суурь эзэлдэг нь ч үүний бас нэгэн илэрхийлэл байж болох. Өнөөгийн 30-аас дээш насныхны ихэнх нь багадаа цирк үзэх гэж ямар их баяр хөөр болдог байснаа дурсан ярих нь лавтай.  Энэ үед циркийн бүхий л үзүүлбэрийг төлөвлөгөөний дагуу төрөөс бодлогын  зохицуулалттайгаар үзүүлдэг байсан.

Шилжилтийн гэгдэх 1990-ээд онд Монголын урлаг соёлын байгууллагууд бүхэлдээ доройтож, цирк 1993 оноос эхлээд жилдээ  л үзүүлбэр үзүүлдэг болсоор циркийн алтан үе бүдгэрч эхэлсэн гэж хэлж болох. 1993 онд циркийг төрөөс санхүүжүүлэх нь алдагдалтай юм байна гэж үзээд, бие даасан улсын үйлдвэрийн газар болгох тухай ярьж эхэлжээ. Урлагийн газар яагаад улсын үйлдвэрийн газар болох ёстой юм гэсэн эсэргүүцэл дэгдэж байсан ч тухайн үедээ л энэ нь хамгийн оновчтой шийдэл байсан гэдэг юм билээ. 2001 онд цирк төрийн санхүүжилт ч байхгүй, өөрсдийн орлого ч гэж байхгүй зогсонги байдалтай болжээ. Ийн аргагүй байдалд орсон уран бүтээлчдийн дийлэнх нь гадаадыг зорьсон гэдэг. Хэдийгээр уран бүтээлчид нь Монгол циркээ гэсэн халуун сэтгэлтэй ч аргагүй амьдралын шаардлагаа циркийн алтан манежаа орхин гадагш зорихоос өөр аргагүйдсэн. Цирк маань хэзээ нэгэн цагт сэргэнэ гэж итгэл одоо ч хэвээрээ гэж ахмадууд хоолой зангируулан ярьдаг. 2001-2006 оны хооронд хувьчлах асуудлаар эрчимтэй авч үзээд 2006 онд Төрийн өмчийн хорооноос тендер зарлан хувьчлах шийдвэр гарсан байна.  2007 оны нэгдүгээр сарын 7-нд Их аваргын “Аса” групп циркийг албан ёсоор хувьдаа авчээ. Тухайн үед урлаг, соёлын түүхийг хүүрнэгч Монгол циркийг гадныхан ихээр сонирхож байсан бөгөөд монгол циркчдийн хүслээр монголчууд ялангуяа Их аваргын толгойлсон групп хувьчлан авч, Монгол цирк дахин сэргэх нь гэсэн итгэл найдвараар циркчид баярлаж байсан. Хэдийгээр үе үе цирк худалдааны байгууллага болох нь гэсэн яриа дэгддэг ч уран бүтээлчид нь циркээ сэргээнэ, хөгжүүлнэ гэсэн итгэл дүүрэн хэвээрээ байгаа гэсэн. Цирк хэмээх  их айлыг, бүр наад захын ойлголтоор харахад тэр байрыг арчилж адгуулж, уран бүтээлийг нь оргил үеийнх шиг нь болтол сэргээхэд их ч хөрөнгө оруулалт, цаг хугацаа, хөдөлмөр шаардагдах нь тодорхой. Гэхдээ өнөөдөр бол олон нийтийн дунд цирк худалдааны байгууллага болох уу гэсэн айдас хүчтэй хэвээр байна. 

Ийнхүү циркийн тайзны өнөөдөр нам жим. Барилгын хана туурга нь аргагүй хуучирсан харагдах. Гэхдээ л бөмбөгөрхөн циркийн талбайдаа гар утасны сэлбэг тэргүүтэн худалдахаас өөрөөр санхүүжүүлж сэргээх арга байсангүй гэж үү гэсэн харуусал төрөх.

Цаг хугацаа өнгөрсөөр. Хэзээ цирк үүд хаалгаа нээж, хүүхэд багачууд баясан гүйлдэж, тайзны араас хөгжимчид хөгөө нийлүүлэх, циркийн жүжигчин-амьтад архиралдах чимээ сонсогдсоор нүсэр хамба хилэн хөшиг цэлсхийтэл нээгдэн манежнаа алиагч, жүжигчид үсрэн гарч ирж, циркийн бөмбөгөр адарт өнгө өнгийн гэрэл сүлэлдэж, үзэгчдийн алга ташилт нүргэлэх бол?

    У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж