Монгол Азийн түүхий эдийн гол нийлүүлэгч болно

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Монгол Азийн түүхий эдийн гол нийлүүлэгч болно

Азийн зах зээлийн экспертүүдийн бичиж буйгаар Монгол Улс ирээдүйд нүүрс, алт, зэс, тэр бүү хэл газрын тосны  хамгийн том нийлүүлэгч болох гэнэ. Монгол Улс алт, зэс, молибдин, хайлуур жонш, цагаан тугалга, нүүрсний асар их нөөцтэйгээс олборлолтын дийлэнх хувийг алт эзэлж байна. Гэсэн хэдий ч зэс, нүүрс эдийн засгийнх нь хөдөлгөгч хүч болдог. Алт, зэсийн нөөцөөр дэлхийд тэргүүлж буй Оюутолгой, коксжих нүүрсний асар их нөөцтэй Тавантолгойн орд ашиглалтад орсноор Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутгийн түүхий эдийн хамгийн том нийлүүлэгч болох юм. Монгол Улс чанараараа Австралийн нүүрстэй яг адилхан коксжих нүүрсээ гурав дахин хямд үнээр Хятад руу экспортолж эхэлснээс хойш эдийн засаг нь мэдэгдэхүйц өссөн билээ. Судлаачид Монголын нүүрсний нөөц Хятадын нүүрсний бүх хэрэгцээг 150 жил хангахад хүрэлцэнэ гэж тооцоолсон. Нөгөө талаар Япон, Энэтхэг, БНСУ, Тайвань болон худалдааны түншийн харилцаатай Европын холбооны 27 улсад дээрх түүхий эдийн эрэлт улам нэмэгдэж байгаа нь Монголд өргөн боломж нээгдэж буйг харуулж байгаа юм.

2011 оны эхний улиралд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 9.8 хувиар өсч, жилийн дотор 17.3 хувьд хүрсэн. Өсөлтийг хурдасгасан хүчин зүйл нь уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт, түүхий эдийн экспорт болон Засгийн газрын зардал байв. Энэ хугацаанд барилгын салбарын үйлдвэрлэл 8.4 хувиар, үйлчилгээ 18.6 хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 13.6 хувиар өссөн. Харин алт, зэсийн том орд Оюутолгойн орд ашиглалтад орсноор 2020 он гэхэд Монголын ДНБ-ний гуравны нэг хувийг дангаараа бүрдүүлэх тооцоо бий.

Н.ЭНХТУЯА
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж