Рок, попын их хуралдай айсуй

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Рок, попын их хуралдай айсуй

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "Рок  попын их хуралдай" наймдугаар сарын 25-нд 19.00 цагт Соёлын төв өргөөнд болно. Тоглолтод Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Sweetymotion” хамтлаг, гитарчин Өөжгий, “Харанга”  хамтлагийн бөмбөрчин Пүүжээ нарын уран бүтээлчид оролцож, Монгол төрийн их найрал үндэсний хөгжимтэй хамтран тоглох юм.

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатартай тоглолтын бэлтгэлийнх нь үеэр уулзаж, ярилцлаа.

-“Их хуралдай” тоглолтыг яагаад тайзнаа амилуулах болов оо?

-Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, үндэсний их найрал хөгжмийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Тэгэхээр найрал хөгжим маань 50 жиолийнхээ түүхэнд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүхий л уран бүтээлийг тоглож байсан. Мөн ДБЭТ-тай хамтран үндэсний балет тоглож байлаа. Олон сайхан хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуурсгаж байсан. Бид 50 жилийнхээ ойд олон арга хэмжээ төлөвлөсний нэг нь ер нь Монголын рок, попын одуудтайгаа хамтарсан тоглолтыг хийгээд үзье. Үүнийгээ ойн нэг арга хэмжээ болгоё гээд энэ тоглолтын бэлтгэлдээ ороод явж байна. Энэ тоглолтод  манай монголын рок попын одууд болох “Чингис хаан” хамтлагийн ахлагч Жаргалсайхан, поп дива Сараа, Наран, Тарийн сорёхолт Д.Болд, гитарчин Өөжгий, харанга хамтлагийн бөмбөрчин Пүрэвдаш, “Sweetyemotion” хамтлаг, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хамтарсан тоглолтоо хийх гэж байна.

-Дуучдын сонгон шалгаруулалт дээр яаж хандав?  Яагаад заавал эдгээр уран бүтээлчийг сонгов?

-Ер нь бол бид зарим дуучидтай уран бүтээлээрээ хамтарч ажиллаж байсан. Манай дуучдын дуулж байгаа дуунууд нь манай найрал хөгжимд хэр зохицох уу гэдэг талаас нь дуучидтайгаа харилцан ярилцаж байгаад сонголт хийсэн. Дуучин Сараа “Аргагүй Монгол аялгуу” тоглолтдоо манай чуулгатай хамтран таван уран бүтээлэ дуулж байсан. Наран бас бидэнтэй ярилцаад олонд түгсэн дуугаа дуулахаар болсон. Төгөлдөр хуурч Чинбат манай найрал хөгжимтэй хамтарч Мартагдашгүй тоглолт дээрээ тоглож байсан. Энэ удаад “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй”, “Мандухай цэцэн хатан” киноны аялгуу гээд олонд түгсэн уран бүтээлийг манай чуулгын уран бүтээлчидтэй хамтран үзэгчдийн сонорт нийцтэй хүргэх талаас нь хөтөлбөрөө сонгоод бэлтгэлээ хийж байна.

-Монголын сор болсон уран бүтээлчид нэг дор хамтарч уран бүтээлээ хийж байгаа яалт ч үгүй “их хуралдай” юм. Тэр бүр нэг тайзнаа гараад байдаггүй уран бүтээлчид чуулж буй энэ тоглолтоороо үзэгчдэд юуг  амлаж чадах вэ?

-Рок, попын одууд нэг дор чуулж, үндэсний их найрал хөгжмийн 70 гаруй уран бүтээлчтэй хамтран дуулна гэдэг бол зарим хүнд анхдагч байгаа. Өөрсдөө энэ тоглолтыг их сонирхон дуртай байгаа. Үзэгчдэд хандаад хэлэхэд энэ бол маш сонирхолтой тоглолт болно. Заавал ирж үзээрэй. Монголын рок, попын одууд олны хэлдэгээр шанз хуучир ятга, лимбэ, эвэр бүрээ буюу үндэсний их найрал хөгжимтэй яаж зохицож дуулахыг ганцхан удаа л дэргэдээс нь мэдрэх ховор боломж юм шүү. Үнэхээр монголын урлаг гайхамшигтай юм. Монголын үндэсний найрал хөгжим, ямар ч төрөлд хувирч болох юм аа гэдгийг л манай үзэгчид мэдрэнэ. Үндэсний хөгжмийг найуурлна гэдэг бол рок, попын найруулгаас өөр. Энэ найруулгуудыг залуу хөгжмийн зохиолчид буюу манай чулгын уран бүтэлчид хийсэн. Энэ бүгд нийлээд рок, попын хэмнэл, үндэсний хөгжмийн өөрийнх нь хөг, аялгуу нийлсэн их л сонирхолтой тоглолтоор бэлэг барина гэдэгтээ итгэж байна. Үзэгчид үүнээс сэтгэл өндөр гарна гэдэгт бид найдаж байгаа.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж