-УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн сонгогчдын төлөөлөл одоо болтол тодорхойгүй байна. МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хууль зөрчсөн гэдгийг Хан-Уул дүүргийн шүүх тогтоосон ч одоо болтол асуудал шийдэгдэхгүй гацаж байгаа нь ямар учиртай юм бэ. Шүүхийн шийдвэр үнэхээр буруу гарчихав уу?
-Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр энэ оны долдугаар сарын 3-нд гарч, МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хууль зөрчсөн гэдгийг тогтоосон юм. Шүүхийн энэхүү шийдвэрийг СЕХ хүлээн авч, хуралдаад УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан МАН-ын нэр дэвшигчдийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх асуудлыг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Улмаар тойргийн хороонд хандаж, хууль зөрчсөн нэр дэвшигчдэд олгосон түр үнэмлэхийг хүчингүй болгохыг даалгасан. Гэтэл тойргийн хороо өнөөдрийг болтол үүнийг биелүүлэхгүй гацааж байгаа. Хууль зөрчсөн хүмүүс нь болохоор шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд давж заалдаад явж байна. Ингээд ч зогсохгүй хэвлэлээр өөрсдийгөө хамгаалсан, шүүхийг буруутгасан мэдэгдэл, мэдээлэл хийгээд яваад байгаа нь бүр ч хачирхалтай байна. Уг нь тойргийн хороо С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын хууль зөрчсөнийг Хан-Уул дүүргийн шүүхээс өмнө тогтоосон юм шүү дээ.
-Тэдгээр нэр дэвшигчдийн зүгээс маргааныг Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн. Мөн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх ёсгүй гэж үзэж байгаа. Энэ нь хэр үндэслэлтэй гомдол вэ?
-Тухайн хэрэг зөрчил гарсан газар нутгийн юм уу, эсвэл гомдол гаргагч өөрийн оршин суугаа газрын харьяаллын дагуу хуулийн байгууллагад хандах боломжтой байдаг. Ийм учраас АН-аас нэр дэвшигч Д.Зоригт оршин суугаа дүүргийнхээ харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж, гомдлоо гаргасан юм. Харин Хан-Уул дүүргийн шүүх энэ гомдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэснийг би болон бусад хүмүүс, хуульчид зөв зүйтэй шийдвэр байсан гэж үзэж байгаа. Учир нь сонгуулийн үйл явц, үр дүн шүүхийн шийдвэр гарах процессыг хүлээх боломжгүй юм. Сонгууль бол тодорхой цаг хугацаанд явагдаад үр дүн нь гараад өнгөрдөг процесс. Тэгэхээр сонгуультай холбоотой хэрэг, маргааныг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж байгаа нь зөв хэм хэмжээ, жишиг гэж ойлгож байна. Өмнө нь сонгуулийн маргаантай асуудлыг хэдэн сар, жилээр шийдэж байсан туршлагыг давтаагүй нь шүүхийн үйл ажиллагаанд шинэчлэл, дэвшил болсон алхам. Уг маргааныг аль шүүхэд өгсөн, хэн гэдэг хүн шийдвэрлэсэн нь асуудал биш. Бүх баримт, гэрчүүд, нотолгоо, иргэдийн мэдүүлэг шүүхэд байгаа. Худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн гэж гарын үсэг зураад мэдүүлэг өгцгөөсөн. Үүнээс илүү юу хэрэгтэй юм бэ.
-Сонгуулийн үеэр нэр дэвшигчид хууль зөрчдөг нь бараг зуршил болсон зүйл. Гэхдээ хууль зөрчлөө гээд хариуцлага хүлээлгэж байсан тохиолдол бараг байхгүй гэхэд болно. Энэ удаад ч бас асуудал ингээд замхраад өнгөрөх юм байгаа, энэ янзаар бол?
-Би цөөнгүй жил Өвөрхангай аймгийн сонгогчдыг төлөөлж, хууль тогтоох байгууллагад сонгогдсон, нэг бус удаа Засгийн газарт гишүүнээр ажилласан. Шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт багтаж ажиллаж байсан хүн. Тэгэхээр хэрвээ би энэ хуулийг хэрэгжүүлж чадахгүй, хууль зөрчигчдөд бууж өгөх юм бол энэ хууль цаашид хэрэгжих үү, үгүй юү. Зөвхөн тунхаг болоод үлдэх үү. Ийм л асуудал байгаа юм. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Хууль зөрчиж, архи, мөнгө тараасан хүн хариуцлага хүлээдэг жишигийг цаашид тогтоохын төлөө л би зогсч байна. Энэ бол Г.Батхүү өнөөдөр УИХ-ын гишүүн болох уу, үгүй юу гэдэг асуудал биш Монголд хууль хэрэгжих үү, үгүй юү гэдэг асуудал юм. Хууль тогтоодог төрийн дээд байгууллагад нь мөнгө, архи тарааж санал худалдаж авдаг хүн сонгогдоод байвал цаашид тэр хүн ямар хууль баталж, хэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тавигдах болно. Монгол Улсад хууль хэрэгждэг байх ёстой. Тэр дундаа хууль тогтоох байгууллага нь хууль зөрчдөггүй хүмүүсээс бүрддэг байх ёстой шүү дээ.
-МАН-аас нэр дэвшигчдийн хууль зөрчсөн үйлдэл хэр баримт нотолгоотой юм бэ. Нэр дэвшигчид аль намынх байх нь ялгаагүй, бүгдээрээ шахам хууль зөрчдөг гэсэн ойлголт сонгогчдод байдаг нь нууц биш шүү дээ…
-Хамгийн гол нь С.Чинзориг, Н.Төмөрхүү нар бид хууль зөрчөөгүй гэсэн асуудлыг огт ярихгүй байгааг анзаарч байгаа биз дээ. Тэгсэн хэрнээ шүүх асуудлыг хэлэлцсэн явц буруу л гэж шүүмжлээд байгаа. Бодит байдал дээр ямар процесс болсон, шүүх ямар нотолгоог үндэслэн шийдвэрээ гаргасныг энд дурдья л даа. МАН-аас Өвөрхангайн тойрогт нэр дэвшигчид сурталчилгааны явцад Сонгуулийн тухай болон бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн үйлдлүүд гаргасан. Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Зоригт бид хоёр, мөн аймгийн Ардчилсан нам тэдгээр зөрчлийн талаар тухай бүрт нь тойргийн хороо болон Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж, өргөдөл гаргаж байсан. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдүүдийг сурталчилгааны ажилд дайчилж, сарын 150 мянган төгрөгийн цалин өгч байгаа нь баримтаар тогтоогдсон учраас бид энэ талаар тойргийн хороо, СЕХ-нд мэдэгдсэн. Үүний дагуу тойргийн хороо хуралдаад хууль зөрчиж байгаа үйлдлээ зогсоохыг сануулж байна гэдэг албан бичгийг МАН-д өгөөд өнгөрсөн. Уг нь энэ нь хуулийн дагуу бол нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдах үндэслэл юм. Гэтэл тойргийн хороо хууль зөрчсөн тэрхүү үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ аваагүй гэсэн үг. Хууль зөрчсөн гэдгийг нь зөвшөөрсөн хэрнээ хуулийн дагуу арга хэмжээ аваагүй. Мөн орон нутгийг иргэдээр зуучлуулан айл айлд “Төмөрхүүг дэмжээрэй” гэж хэлээд архи тараасан. Орон нутаг дахь MCS компанийн гэрээт борлуулагчид Төмөрхүүгийн туслах нь мөнгө тушааж их хэмжээний архи авсан баримт нь ч бий. Архи болон хүнсний зүйлийг сумд руу хуваарилж тарааж байна гэдэг иргэдийн мэдээллийн мөрөөр бид шалгаж үзээд бүх зүйлийг баримтжуулж авсан юм. Архи бэлгэнд авсан, тараасан, зуучилсан хүмүүс үүнийгээ нотолж ярилцлага өгсөн, мэдэгдэл гаргасан баримтууд бий. Мөн сурталчилгаанд ажилласан 18 нас хүрээгүй хүүхдүүдийн яриа, мөнгө тарааж байгаа бичлэг гээд баримтууд бий. Энэ бүхнийг СЕХ, тойргийн хороонд өгөхөд хууль зөрчсөн үйлдэл мөн эсэхийг нь хуулийн байгууллагаар тогтоолгож ир гэдэг шаардлага тавьсан. Тэгээд л бид цагдаа шүүхэд хандсан. Шүүх хууль зөрчсөн үйлдэл гэдгийг нь тогтоож, шийдвэрээ гаргасан. Ийм л юм болсон юм.
-МАН-аас нэр дэвшигчид болон тойргийн хорооны зүгээс хэвлэлд хандан байр сууриа илэрхийлсээр байгаа. Харин гомдол гаргасан Ардчилсан намын нэр дэвшигчдийн хувьд өнөөг хүртэл байр суурь илэрхийлээгүй. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-Хэвлэлээр гарч буй мэдэгдэл, мэдээллийг хараад Д.Зоригт бид хоёр хүлээцтэй хандаж байгаа. Энэ бол иргэн Д.Зоригт, Г.Батхүү, Н.Төмөрхүү, С.Чинзориг гэдэг хувь хүмүүсийн хоорондын асуудал биш. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох үйл явцад гарсан зөрчил, хууль бус үйлдлийг одоо яаж залруулах вэ гэдгийг хуулийн хүрээнд л шийдэх ёстой. Түүнээс биш хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гаргаж, шүүх рүү дайрч давшилсан нь ялна гэсэн ойлголт байхгүй.
Нөгөө талаас одоо хэтэрхий буруу мэдээ, мэдээлэл цацаж эхэлж байна. Шүүхийн шийдвэр буруу байна, бид хууль зөрчөөгүй гэдэг гомдол гаргаж байгаа бол нэг хэрэг. Түүнийгээ бас шүүх, цагдаагаар тогтоолгож болно шүү дээ. Гэтэл ийм зүйл ярьж чадахгүй учраас зүгээр л Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн нь буруу, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн нь буруу гээд л дайраад байна. Архи тараагаагүй, насанд хүрээгүй хүүхэд ажиллуулаагүй, мөнгө өгөөгүй гэдэг зүйл огт ярихгүй байгаа шүү дээ. Хан-Уул дүүрэгт хэргийг хэлэлцсэн нь буруу, шүүхийн процесс буруу гэж л маргаад байх юм.
-Шүүхийн шийдвэрт үндэслээд хуулийн дагуу дараа, дараагийн арга хэмжээг аваад явсан бол Ардчилсан намаас нэр дэвшигчид УИХ-д сонгогдох ёстой. Энэ хоёр суудал бол МАН болон Ардчилсан намын аль алинд маш үнэтэй хоёр суудал. Тийм болохоор асуудал хурцдаж ч мэдэх юм?
-Тийм ээ. Хуулийн дагуу бол Өвөрхангайн тойргийн хороо тэр хоёрт олгосон УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгоод, саналын дарааллаар дараагийнх нь хүмүүсийг сонгогдсонд тооцох ёстой. Гэхдээ 28 хувиас дээш санал авсан дараагийн нэр дэвшигчийг сонгох ёстой. Миний хувьд 43 хувийн, Д.Зоригт 39 хувийн санал авсан. Өнөөдрийн энэ асуудал ямар нэг намын, хэн нэг хувь хүний тухай асуудал биш ээ. Шударга төрийг тогтоох тухай асуудал. Сонгуулийн тухай хуулийн зорилго энэ. Эд мөнгө тарааж, хүмүүсийг нэг удаа худалдаж авч, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчдөг явдлыг таслан зогсоох гэж хуулийг баталсан. Хууль зөрчсөн асуудал олон аймаг, тойрог дээр гарсан. Зарим нь цагдаа, прокурор дээр шалгагдаж байна. Өвөрхангайн тойргийн асуудал хамгийн ойр, баримт, нотолгоотой нь учраас МАН-ын зүгээс тэвдээд, нэр дэвшигчид нь янз бүрийн юм яриад байгаа хэрэг. Хуулиа сайн мэддэг хүмүүс хүртэл худлаа мэдэн будлиад, хуулийн утга санааг бүдгэрүүлсэн зүйл ярьж хэлээд яваад байгаа. Тийм зүйл ярьчихаад эргээд хүний нүүр харахад хэцүү баймаар юм гэж бодохоор. Тэдний өмнөөс гүнээ харамсч байна.
-Сонгуулийн маргаантай асуудал иймэрхүү байдлаар шийдэгдэхгүй удах хэрээр сүүлдээ сонгогчид залхдаг. Тэгээд асуудал бүр мөн чанараараа халиад албан тушаалд улангассан хэдэн хүн заргалдаад байгаа юм шиг болтлоо үнэ хүндгүй болдог. Энэ удаад ийм байдал руу орохгүй гэх баталгаа байхгүй шүү дээ?
-Д.Зоригт,Г.Батхүү хоёр албан тушаал авахын тулд Өвөрхангайн тойргийн хороог барьцаалж байна ч гэх шиг зүйл яриад байна лээ. Албан тушаалд Ардчилсан нам томилж байгаа болохоос биш Ардын нам хуваарилаагүй биз дээ. Яахаараа хууль бус зүйлийг шүүхээр тогтоолгосны төлөө албан тушаал авах гэж тэмцсэн болдог юм бэ. Ямар ч утга агуулгагүй, асуудлын гол сэдвээс холдуулж төөрүүлсэн зүйл яриад байгааг нь ойлгохгүй юм. Харин ч Д.Зоригт бид хоёр албан тушаалд очихгүй, Засгийн газарт орохгүй. УИХ-д хоёр суудлаа баталгаажуулах, Сонгуулийн тухай хууль, шүүхийн шийдвэр болон СЕХ-ны шийдвэр хэрэгжихийг л хүсч хүлээж байна. Албан тушаал авах бодол надад байхгүй. Би УИХ-д нэр дэвшиж өрсөлдөхдөө хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан, шударга байсан. Одоо мөн хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх, сонгогдох эрхээ хамгаалуулах хүсэл, эрмэлзэлтэй байна. Өвөрхангайн түмнийг мөнгөөр нэг удаа хуурч, архиар угжиж саналыг нь авсан хүмүүс хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, олон жил ардчиллыг дэмжиж ирсэн сонгогчдыг нь хүндэтгэх ёстой гэж үзэж байна.
-Шүүхийн шийдвэр таалагдахгүй бол янз бүрийн үндэслэл хэлээд эсэргүүцдэг болжээ. Г.Батхүү мөнгөтэй хүн шүүхийн шийдвэр худалдаад авчихлаа гэж ярьж байгаа шүү дээ.
-Харин би бол мөнгөтэй хүн ард түмний саналыг худалдаад авчихдаг юм байна гэж ойлгож байгаа шүү. Хүн өөрөө өөртөө таалагдсанаар юуг яаж тайлбарлах нь тэр хүмүүсийн л хэрэг. Харин миний нэр хүндэд халдсан олон буруу ташаа мэдээлэл, гүтгэлгийг хувь нэр дэвшигчид болон намынх нь удирдлагын зүгээс олон нийтэд цацаж байгаа асуудлыг би энэ маргааны дараа хууль, хяналтын байгууллагад өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэж бодож байгаа. Тухайлбал, Г.Батхүү таван хүн барьцаалчихсан байна ч гэх шиг. Хууль зөрчсөн үйлдлүүд нь байгаа ч гэх шиг. Хэрэв тийм баримт нь байгаа бол бидэн шиг гаргаж ирээд цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад өг л дөө. Тэгэхгүй мөртлөө сүрдүүлж байгаа юм шиг зүйл яриад байх юм. Би өнөөдрийг хүртэл энэ бүхэнд хүлээцтэй хандсаны цаана ганцхан л шалтгаан бий.
-Тэр шалтгаан нь юу юм бол?
-Төрд зүтгэж байгаа нутгийн хүү С.Чинзоригтой нэг сумынх, харин бизнес хийж яваа Н.Төмөрхүүг би танихгүй. Нэг удаа ч уулзаж байгаагүй. Гэхдээ тэдний хууль зөрчсөн асуудал хуулийн хүрээнд шийдэгдэж, холбогдох байгууллагууд нь зохих шийдвэрээ гаргаад сүр дуулиан дагуулахгүй өнгөрөөсэй гэж хүссэн. Асуудал цаашаа ингээд явбал ямар байдалд хүрэх вэ гэхээр төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах зорилгоор архи, мөнгө, эд зүйл тараасан үйлдэлдээ хорих ял шийтгэл ч авч болох хуулийн заалттай. Архи, мөнгө тарааж хууль зөрчсөн нь тогтоогдвол хорих ял авах заалт Эрүүгийн хуульд бий.