Түвдийн хөдөө талд аж төрөх бүсгүйчүүдийн адил цэцэгт нугад үхэр хариулж явсан 22 настай залуу бүсгүй олимпийн наадмын медалийн тавцанд гарчээ. Дуу дуулж, мөргөл үйлдэхэд чөлөөт цаг заваа зориулж явсан түүнд 2008 онд анх удаа олимпийн наадмыг цэнхэр дэлгэцээр үзэх завшаан тохиожээ. Харин түүнээс хойш дөрвөн жилийн дараа 22 настай Чойян Ки Лондонгийн олимпийн эмэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхааны төрөлд хүрэл медаль хүртэж, Хятадын түүхэнд олимпийн наадмаас медаль зүүсэн анхны түвд үндэстэн болжээ. Барианд орсны дараа сэтгүүлчидтэй уулзсан түвд бүсгүй “Миний толгойд ганц л бодол байсан. Тэмцэх!!! Уралдааныг үзэхээр цугласан үзэгчид үнэхээр гайхалтай байлаа. Тэд надад урам зориг өглөө” хэмээн ярьжээ.
Чойян Кигийн аав, ээж нь Хайян дахь хөдөө гэртээ хайртай охин нь түүх бүтээж байгааг зурагтаараа үзэж суужээ. Барианд орох хүртэл нь мэддэг бүхий л маань мэгзэмээ уншиж, эрхи эргүүлж суусан эцэг, эх нь охиноо барианы шугам давсны дараа зочдын хөлд дарагджээ. Төрөл садан, найз нөхөд, тосгоны хөршүүд нь бүгд тэднийд цуглаж, баяраа хамт тэмдэглэсэн гэнэ.
Чойян Кигийн нэр нь “нар” гэсэн утгатай аж. Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн түүний шүтээн нь Хятадын тамирчин Лью Сьян гэнэ.
Түүний нагац ах Хайчен Чойяныг есөн настай байхад нь спортын авьяасыг нь таньж, сургууль, дүүрэг, аймгийн хэмжээнд тэмцээнд сойх болжээ. Ингээд долоон жилийн дараа хотын хэмжээний марафонд түрүүлсний дараа эцэг, эх нь түүнийг мужийн спортын сургуульд суралцуулах болсон байна. 2008 оноос эхлэн Чойян дасгалжуулагч Юань Дежиугийн удирдлага дор спорт алхаагаар хичээллэх болжээ. Ингээд хоёр жилийн дараа буюу 2010 онд үндэсний шигшээ багт багтсан байна. Олимпод бэлтгэхийн тулд Чойян бүсгүй Чинхай дахь Дуоба үндэсний спорт бэлтгэлийн баазад байрлаж, өглөөний есөн цагаас эхлэн өдөр бүр 30 км алхдаг байж. Өнгөрсөн гуравдугаар сард олимпийн эрхээ авсны дараа түүний гэр бүлд 50 мянган юанийн мөнгөн тусламж үзүүлснээс гадна Чойян өөрөө сар бүр 3000 юанийн цалин авах болжээ. Ийнхүү олимпийн талбарт хүчтэй өрсөлдөгч байхын тулд уйгагүй хөдөлмөрлөж эхэлсэн Чойян Ки бүсгүй өдгөө түвдүүдийн үндэсний бахархал болжээ.