Инженерийн шийдэлтэй томоохон ажлын явцыг шалгав

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Инженерийн шийдэлтэй томоохон ажлын явцыг шалгав

Гэр хорооллыг дулааны шугамд холбох, нүхэн гарц, гүүрийн засвар гээд Улаанбаатар хотноо өрнөж буй инженерийн шийдэл бүхий томоохон ажлуудын явцтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр танилцлаа. 2012 оны нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгууулалтын ажлын явцад тусгагдсан, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ажлуудын явц хэвийн үргэлжилж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг болох УС-15 орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажилтай хотын дарга эхлээд танилцлаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 орчмын халаалтын зуухуудыг зогсоож, 600 айлын орон сууц, 2 их дээд сургууль, 1200 оюутны дотуур байр, 2 цэцэрлэг, 2 эмнэлэг, 11 жилийн 2 дунд сургууль, 500 хүүхдийн халамжийн төв, Хилийн цэргийн 0164 дүгээр анги зэрэг газруудыг төвийн нэгдсэн халаалттай болгох ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Таван хэсэг газарт тавигдах шугамын зурвас руу сунгасан хашааг татуулахаас өөрөөр энд хүндрэл үүсээгүй, дулаан дамжуулах төвийн байр баригдаж дууссан, тоног төхөөрөмж суурилуулах ажил  нь удахгүй эхэлнэ. Нийтдээ дулаан дамжуулах 1,2 км шугам хоолой тавихаас 830 метрийг тавьжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаар сан хамтран хэрэгжүүлж буй энэ ажил 9 дүгээр сарын 15 гэхэд дуусч халуун усанд ч бараг орж чаддаггүй иргэд, халаалтын уурын зуухтай, зарим жил халаалтын зуухнуудын доголдлоос хөлдөхөд хүрдэг байсан байгууллагуудын хүндрэл арилна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулаад зогсохгүй, энэ орчмын иргэдийн газар үнэд орж, иргэд зээл авч, тохилог амины орон сууц барин тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх энэхүү том ажлыг “Набсан” ХХК-ийнхан гүйцэтгэж байна.
   
Улаанбаатар хотын 3 дахь гүүрэн гарц болох, Их тойруу, Сансарын тунелийн зүүн уулзварын нүхэн гарцны ажлыг өнгөрсөн 5 дахь өдрийн шөнөөс зам хааж эхэлжээ. Өмнө нь Ионсей эмнэлэгийн арын замд нүхэн гарц барьж байсан “Хотын зам” хэмээх туршлагатай компани энэ ажлыг гүйцэтгэж байна. Таван метр гүн, 23 метрийн өргөнтэй, дөрвөн тийш гарц бүхий энэхүү байгууламж нь дотроо 6 метрийн өргөнтэй явган замтай, үйлчилгээний төвүүдтэй байх юм. Цэвэр, бохир усны болон шилэн кабелийн шугамыг өөрчлөх гээд нилээд ажил ихтэй энэхүү нүхэн гарцын эхний ээлжийн ажил есдүгээр сарын 01 гэхэд дуусч автозамын явах хэсгийг ашиглалтад оруулах юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдалд багагүй нөлөөтэй нүхэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
   
1957 онд баригдсанаасаа хойш дорвитой засвар хийгдээгүй 100 айлаас Сансар орох зам дахь Сэлбийн хос гүүрний их засварын ажил ид өрнөж байна. Анх өмнөд хөршийн барилгачид барьсан гүүрний хажуугаар сүүлд нь манайхан тавьсан 56 метр урт энэ хос гүүрийг буулгаж, тулгуур баганыг хүчитгэн, зорчих хэсгийг өргөтгөн шинэчлэх юм. Нэг талдаа хоёр эгнээ бүхий зорчих хэсэгтэй байсан бол гурван эгнээ болгох ба явган хүний зорчих хэсгийг ч нилээд өргөтгөнө. Одоогоор хос гүүрний баруун хэсгийг буулгаад байна. Гүүрэн доогуур дулааны шугам явсан учир түүнийг буулгаж байж тулгуур багананд хүчитгэсэн тулгуур хийх юм. Өмнө нь Майхан толгойн гүүр болон Бороогийн хүнд даацны гүүрний барилгын ажлыг гүйцэтгэсэн “Мотор сервис” ХХК их засварын ажлыг гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч компанийнхны мэдээлснээр есдүгээр сарын 07 гэхэд эхний гүүрийг ашиглалтад оруулах ба12 дугаар сарын 15 гэхэд энэхүү гүүрний их засвар бүрэн дуусах юм байна. Сүүлийн жилүүдэд Гурвалжингийн, Баянзүрхийн, Маршалын гээд Улаанбаатар хотод буй томоохон гүүрүүд бүгд их засварт орж, ойрын хэдэн жилдээ л нийслэл гүүрэн байгууламжийн хувьд айлтгүй болоод байгаа.
   
Хотын дарга нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй эдгээр ажлын явцтай танилцах үеэрээ төлөвлөсөн хугацаанд шуурхай, чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг даалгасан юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж