Орхон аймгийн Баян-Өндөр суманд энэ сарын 13-14-нд шилжих шөнө хоёр цагийн турш усархаг бороо орж үер буусан. Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, 260 өрх орон гэргүй болж, авто замын гүүр, хүнсний ногооны талбай усанд автан өндөр хүчдэлийн тулгуур багана унаж, цэвэр усны шугам эвдэрсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдаж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ дагуу Завхан, Орхон аймгийн улсын чанартай авто зам, үерийн далан, гүүр сэтэрснийг сэргээн засварлах, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутагт 40 км урттай үерийн далан шинээр барих, Улаанбаатараас Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөлийн чиглэлийн зам болон Орхон аймгийн Жаргалант сумын нутаг, Хангал голын гүүрийг засварлахыг сайд Ц.Дашдоржид даалгасан байна.