Дотоодын цэргийн алба үүсч, хөгжсөний түүхт 90 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Эх орныхоо энхийн манаанд өдөр шөнийг ялгалгүй зогсдог 123 алба хаагчдыг өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт одон медалиар шагнаж, урамшууллаа. Ёслолын арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Улаанбаатар цагдаагийн хүрээний Цагдаа, дотоодын цэргийн хүрээ зэрэг улс орны энхийн манаанд хүчин зүтгэдэг төрийн албаны удирдлагууд, алба хаагчид оролцсон юм.
Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Т.Хүрэлбаатараас цөөн асуултанд хариулт авлаа.
-Дотоодын цэргийн 90 жилийн тэртээгээс өдийг туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг дурдвал?
-Монгол Улсын Дотоод цэрэг анх 1922 онд Ардын түр Засгийн газар, Бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын дэргэд 13 цэрэгтэй, “Тусгай тасаг” нэртэйгээр байгуулагдсанаас хойш дайчин замналын түүхт 90 жилийн ойтогоо золголоо. Үүсэн байгуулагдсан үеэсээ хойш улсын онц чухал албан газруудыг манаж хамгаалах, хоригдол, ялтанг хуяглан хүргэх, цагдан харгалзах, хол аймаг хошуудад бичиг баримт хүргэх зэрэг ажил, үйлсийг хийсээр ирсэн юм. “Тусгай тасаг”-ийг 1922 оны эцсээр Тусгай салаа, 1924 онд Тусгай суман, 1929 онд Тусгай дибизон, 1930 онд Тусгай морин хороо, 1938 онд Моторжуулсан хороо болгон өргөтгөж байжээ.
-Дотоодын цэргээс их алдартнууд төрсөн гэж дуулсан?
-90 жилийн түүхэн замналын туршид олон аавын эрэлхэг эрс энэ албанд зүтгэж, суу билгийг нь төр засгаас анх өндрөөр үнэлж, дотоодын цэргийг анх 1973 онд Төрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга манай 1982 оны байлдагч байлаа. Хөдөлмөрийн гавъяат, Ардын багш, Гавъяат хуульч Чимэд гуай дотоод цэргийн албанд хүчин зүтгэж яваад, хуульч болсон байдаг.
-Ойн хүрээнд ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?
-Өнөөдрийн хувьд бол дотоодын цэрэгт өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 120-оод алба хаагчийг шагналаа. Маргааш жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болон хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолт, үдшийн цэнгүүнийг зохион байгуулах юм. Ингээд дотоодын цэрэгт алба, амьдралаа зориулж байсан алба хаагчид, түшиг тулгуур болж байсан гэр бүлд нь түүхт их ойн мэндийг хүргэе.
-Энэ түүхт ойн өдрүүдэд дотоодын цэрэг үүсч байгуулагдаад 90 жилийн хугацаанд бид юуг хийж бүтээв, ямар амжилтанд хүрсэн талаарх дурдатгалыг хийж, улс эх орынхоо дотоод аюулгүй байдалд хамгаалах үйлсэд чармалттай хүчин зүтгэсэн алба хаагчдыг одон шагналаар шагнаж байна. Би дотоодын цэрэгт мэргэжлээрээ 30 жил ажиллаж байна. Намайг одон медалиар шагнасанд маш их баяртай байна. Миний бие туурга тусгаар эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байхаа илэрхийлж байна.